Манай Ерөнхийлөгч бие халаалт хийх дуртай нэгэн. Байнга л хийдэг юм. БНХАУ-ын даргын Монголд хийсэн айлчлалын үеэр хоёр хамгаалагчийн хамтаар Энхтайваны гүүр даваад гүйж л байлаа. Айчлалын бүрэлдэхүүний цуваа явж өнгөрөх зам дагуух албан оффисын ажилчид, орон сууцны оршин суугчдыг цонхондоо ойртох нь байтугай, хөшгөө ч хөдөлгөхийг хатуу хориглосон сануулга дор, тэр орчмын хөл хөдөлгөөнийг хорьсон битүү хамгаалалтыг сөрж гүйсэн нь тэр.
Төрийн тэргүүн болсноосоо хойш Баянгол зочид буудлынхаа урд талын замын хөдөлгөөнийг хаа нэг хаалгаж байгаад хийдэг болсон тухай мэдээлэл зураг хөрөгтэйгөө мэр сэр гардаг болсон байна лээ.
Хийхгүй бол болдоггүй, форумаа алдчих гээд байдаг нь тамирчин хүний яс махан шингэсэн чанар, хэвшил болтлоо биеэнд нь дадчихдаг юм гэсэн. Амжилтад нь ч сөргөөр нөлөөлнө. Тэр тусмаа манай Ерөнхийлөгч шиг булчин шөрмөс бүр хөмсөг нь “зангирч” явдаг хүний хувьд бие халаалт чухал байх нь мэдээж. За тэр ч яахав.
Үндсэндээ тангараг өргөж, Төрийн тэргүүнээр ажилласан хоёр жилийн хугацаа түүний хувьд бие халаалтын хэмжээнд байлаа. Тамирчин бус улстөрчийнх нь хувиар дүгнэхэд шүү дээ. Тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд удаагүй байхдаа тэрбээр АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өрөөндөө дуудан уулзаж, “60 тэрбум”-ын хэрэг, оффшор данстай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэгдсэн. Чадахгүй бол өргөдлөө бичээд албан тушаалаа чаддагт нь хүлээлгэж өгөхийг хүртэл сануулж, жавтий хүртээсэн. Гэвч түүний хүслээр болоогүй. АТГ, прокуророос “60 тэрбум”-ын хэрэг, оффшортой холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн хүсээд байсан тодорхой тоймтой шийдвэр гаргаагүй.
Дараа нь тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайдаар очсон Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавив. Олонхи хүлээж аваагүй. Зөрүүлээд төсвийн тодотголд хориг тавьсан ч парламент мөн л дэмжлэг хүлээлгээгүй. Арга ядахдаа цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж эхэлснээ зарлаж, нийгмийн анхаарлыг өөр дээрээ хэсэгтээ төвлөрүүлсэн билээ. Улмаар гамшгийн төвшинд хүрсэн утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг ч хөндөхөө чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ илэрхийлж байв.
Үүний хажуугаар нэгэнтээ фракц, бодлого нэг явсан, сайд асан Р.Бурмааг Цэцийн гишүүнд зүтгүүлсэн ч дэмжлэг хүлээж чадалгүй унасан билээ.
Гагцхүү хүчгүй, сул дорой мэт явсан өнгөрсөн үеийн түүний түүх өнөө цагт харьцангуй өөрчлөгдөж, харин ч хүчтэй болж, аажмаар алгуурхан эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байх шиг. Тамирчнаар татами дээрх өрсөлдөгч бүрээ цэвэр ялах хэмжээнд хүрсэн ч байж мэдэх. Яг л сэргээш хэрэглэсэн гэмээр. МАН-ын, олонхийн, парламентын, товчлуурын өмнө хүчгүйддэг байсан түүний шийдвэр болгоныг эрх баригчид үг дуугүй дагаж, санаачилсан хуулийн төсөл, нэр дэвшүүлсэн томилгоо бүрийг “ногоон гэрэл”-ээр батлах болсон нь үүний баталгаа. Эхлээд АН-ын үед албан тушаалын бялуу хүртэж явсан Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Цэцийн гишүүнээр томилуулсан нь үүний бэлээхэн жишээ.
Тамгын газрынх нь даргын тайлбарласнаар дээрээ хөх тэнгэрээс өөрцгүй гэгддэг Үндсэн хуулийн манаачийн албанд заавал хий нь гарсан хуульч байхгүй албагүй, мэргэшсэн улстөрчийг ч томилж болно гэх.
АН-ыг бодвол зангидсан гар мэт эв нэгдэлтэй, гишүүд нь намынхаа бодлогыг төдийлөн сөрөөд байдаггүй МАН-ынхан ч дотооддоо хагарч, нэгнийгээ “60 тэрбум”, ЖДҮ, “30 гэр бүл”-ээр цоллож, зарлах болов. Эдийн засгийн чуулганы үеэр ШХАБ дахь Монгол Улсын оролцоог ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй гэдгийг дурдсан үгээс нь үсэрсэн оч одоо ч МАН-ын гишүүдэд гал дуудаж, тэднийг талцуулсан хэвээр байна. Гэхдээ МАН-д үүссэн толхилцоон бол Ерөнхийлөгчийн хувьд хоёрдугаар асуудал байж таарна. Угаас жил хүрэхгүйн хугацааны дараа сонгууль болох учраас тэд хүссэн, хүсээгүй гар барьцгааж, эв нэгдлээ сахихаас өөр аргагүй. Цаг хугацааны тоолуур ч тэднээс шаардана. Тэгэхгүй бол бүгдээрээ гудамжинд лааз өшиглөхөө эрхбиш мэдэж л байгаа болов уу.
Харин өдрөөс өдөрт барьцаа лавшруулах болсон Ерөнхийлөгчийн маргаашийн зорилго юу байх бол гэдэг нь сонирхол татах сэдэв, анхаарал хандуулах асуудал. Учир нь, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ээлжит бус чуулганы хөшгөө хаахтай зэрэгцэн баталснаар шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр чөлөөлж, санал болгодог болсон билээ. Хуулийг баталсны дараахан Ерөнхийлөгч зарлиг гаргаж Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон ерөнхий прокурорыг огцруулж, чөлөөлсөн. Улмаар Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг зөвшилцөхөөр парламентад хүргүүлж, дэмжлэг хүлээлгэсэн нь өнгөрсөн баасан гараг буюу хаврын чуулганы эхний өдрийн үйл явдал. Одоо Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон прокурорын орлогч нарыг зөвшилцөх асуудал ээлжээ хүлээж байна.
Үүний дараа АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хөндөж таарна. Нэгэнт хуулийг нь баталчихсан болохоор бүрэн эрхийн хугацаатай, хугацаагүй ҮАБЗ-ийн дагуу Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын асуудлыг парламент хэлэлцүүлнэ гэсэн үг. Хуулиа л дагана.
Олонхи ямар шийдвэр гаргахыг одоохонд хэлэхэд эртдэх ч орных нь хүмүүс хэдийнэ тодорсноос харахад хувьсгалын тохироо нь бүрдчихсэн гэж ойлгож болохоор.
Эндээс ганцхан гаргалгаа гарч ирнэ. Тэр нь тангараг өргөснөөсөө хойш хууль хяналтын байгууллагын учирдлагуудтай, УИХ-ын олонхитой ам хэлээ олохгүй, зөрчилтэй явж ирсэн Төрийн тэргүүний улс төрийн татами дээрх бие халаалт дуусах тийшээ орж, бүр гарах цаг нь ойртож, бэлтгэл нь хэдийнэ шувтарч байна. Энэ бүгдийн хажууд ШХАБ-д элсэх эсэх тухай асуудал зүгээр нэг тандалт байсан байх магадлал нь өндөр.
Гагцхүү түүний бие халаалт дууссаны дараа нийгэм, улс төрийн хүрээнд ямар өөрчлөлт гарах бол гэдэг нь өнөөдөртөө сонин.
Үнэхээр нийгэмд шударга ёс тогтох уу. МАНАН сарниж, “Шударга бусын хонгил” нурах уу. Түүний хэлж, ярьж, шүүмжилж ирсэн “60 тэрбум”-ын схем хэрэгжсэн эсэхийг баримтаар нотлох уу. Оффшорчдыг зарлах уу.
Мэдээлэлд ойр байдал, эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд, утаа бууруулах нэрийдлээр өнөөг хүртэл татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь хий дэмий зарлагадсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу. Эцсийн дүндээ Монгол ялах уу эсрэгээрээ Ерөнхийлөгч ганцаараа ялсан байх уу зэргээр асуудал ар араасаа хөвөрнө. Холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэхийг нийгэм өөрөө шаардана.
Эсвэл хуулийн байгууллагыг “махны машин” болгон ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг, дардаг, үгэнд орохгүй бол хорьдог, хориулдаг хардлагыг улам лавшруулах уу, нэг хүний гарт эрх мэдлийн хуваарилалт бүхэлдээ шилжих үү гэдгийг цаг хугацаа харуулах нь. Ганц үнэн гэвэл бие халаалт дууссаны дараа юу ч болж мэдэхийг урьдчилан тааварлах боломжгүй.
С.Гандөл
Сэтгэгдэл (8)