Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авсан гишүүдийн асуудал сөхөгдөж эхэлсэн юм. Улмаар Улсын ерөнхий прокуророос Г.Солтан, Г.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ хүргүүлсэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцээд хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн юм.
Ингээд өөрийн болон хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан, тэднийг зээл авахыг дэмжиж хүсэлт гаргасан дээрх гишүүд 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ юу гэж мэдүүлснийг онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 420 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай: Түүний өөрийн орлого 24.49 сая төгрөг. 139.000.000 төгрөгийн үнэтэй Nissan,Patrol автомашинтай. Мөн 17 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд “ОТК” ХХК, “Очир төв зам” ХХК, “Очир Төв Холдинг” ХХК хоршоог эзэмшдэг гэжээ.
УИХ-ын гишүүн Г.Солтан 1.054.000.000 төгрөгийн үнэ бүхий зургаан орон сууц, таван үйлчилгээний зориулалттай газар, авто зогсоол, авто граж, хүлэмжтэй. Түүний орлого 384.342.000 бөгөөд 100 сая төгрөгийн Lexus,570, Toyota,Land Cruiser 105, Toyota,Prius XW20 автомашинтай. “Тюльпан” ХХК, “Эс Ти Эл Юү” ХХК, “Монгол Шаазан” ХХК хувь эзэмшдэг. 515.111.000 хадгаламжтай юм байна. Дашрамд дурдахад, 10216 м2 газар эзэмшдэг бөгөөд тодорхой үнэлгээгүй гэж мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа 1.235.784.000 төгрөгийн үнэ бүхий өмчлөх эзэмших газартай. Түүний орлого 24 сая төгрөг, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 1.360.500.000 төгрөгийн нийтийн орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай байгууламж, үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжтай бөгөөд 150 сая төгрөгийн Mercedes Benz,S500 автомашинтай. “Зоол гоёл” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Бишрэлт косметикс энд фейшн” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Капиталмаркет корпораци” ҮЦК ХХК, “Капитал банк” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК, “Эрдэнэзам” ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг юм байна.
УИХ-ын гишүүн Л.Энхболд 1.222.000.000 сая төгрөгийн үнэ бүхий зургаан орон сууц, хоёр авто гражтай. Тэрбээр 317.900.000 сая төгрөгийн мал аж ахуйтай бөгөөд орлого нь 143 сая болж буурчээ. Мөн 11 сая төгрөгийн Toyota,Prius-тэй бөгөөд “Ирээдүй инвест” ББСБ ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Дюьнстравел” ХХК хувьцаатай аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)