АН-ын эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын эмэгтэйчүүд дөрөвдүгээр сарын 5-нд бүх нийтийн жагсаалд оролцоно гэдгээ мэдэгдлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Жагсаал цуглаан хийх болсон учир нь өнөөдөр УИХ хийх ёстой ажлаа хийж байна уу. Тийм чадамжтай байна уу. Сонгууль болсноос хойш гурван жил өнгөрч байхад амлалтаа биелүүлсэн үү. Уг нь амлалтаа биелүүлэхэд хангалттай урт хугацаа өнгөрсөн. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон ээжүүдийн төлөөлөл энэ амлалтыг нэхэж шаардаж, тэмцэхээ мэдэгдэж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт олон ээжүүд итгэж, МАН-д саналаа өгсөн. Өнөөдөр эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядууралд эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байна. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа, бензин шатахууны үнэ нэмэгдэж байна. Валютын ханшаа барьж дийлэхээ байлаа. Хувийн хэвшил рүүгээ дайрдаг болсон. Хувийн хэвшлийнхэн бизнес эрхлэхэд хүнд болсон. Үүнээс гадна хүний эрхийн зөрчлийн асуудал байна.
Ардчилсан оронд яагаад хүний эрх ингэж зөрчилдөх ёстой юм бэ. Хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцохыг шаардана. Хүүхдийн эрхийн байцаагч нар хаана явна вэ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Тэд хүчирхийллийн гарт амь насаа алдаж, цоожтой хаалганы цаана тамлуулж байна. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхэд эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулж тэмцэнэ.
МАН-ын мөрийн хөтөлбөрт “Эх нялхасын эндэгдлийг бууруулна, 0-5 хүртэлх хүүхдүүдийн эмийг төрөөс үнэ төлбөргүй олгоно. Бага насны хүүхдүүдийн осол эндэгдлийг хоёр дахин бууруулна. Хүүхдийн мөнгийг ялгамжгүй олгоно” гэсэн заалтууд тусгасан атлаа өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. “Хүүхэд бүрийг цэцэрлэгээр хангана” гэсэн заалт ч гэсэн хэрэгжсэнгүй. Үүнээс болж дүүргүүдийн Хүүхэд харах үйлчилгээний төвүүд хаагдаж байна.
Учир нь төсөв мөнгийг нь өгөхгүй байна. Энэ мэтчилэн хэрэгжээгүй амлалтын мөрийн хөтөлбөрийг эсэргүүцэж жагсана” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (12)