Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр нэрнийх нь эхний үсэг Э-гээр эхэлсэн гурван хүний талаар мэдээлэл хийнэ. Эхний Э-г бид олон жил толгой дээрээ залсан. Тэр хүн цаг ямагт шударга ёс ярьдаг. Гэтэл түүний байгуулсан нийгэм өнөөдөр хамгийн шударга бус нийгэм боллоо. Авлига, хээл хахууль, шударга бус явдлаар дүүрэн нийгмийг бүтээсэн байна. Тиймээс АН түүнийг дахин дэмжихгүй. Дараагийн Э бол өөрийнхөө хариуцсан бүлгээ тараасан. Шударга бус зүйлийг өмгөөлдөг. Шударга бус зүйлийн талд гарч гишүүдээ буруутгадаг. Энэ хүнээс АН-ын гишүүд ичиж байна. Тиймээс энэ хүнийг АН-аас зайлуулах хэрэгтэй. Гуравдахь Э-гийн талаар АН даяар ярьж байна. Гэвч дуугарах хүн алга. АН өнөөдөр гишүүн төвтэй нам болсон гэсэн. Энэ нь худлаа. АН бол нэг хүний нам боллоо. Нэг хүний үзэмжээр асуудлыг шийддэг болсон. хамаатан садны нам болсон. Энэ хүн намын дунд шатны байгууллагуудаа бүгдийг самарсан. Намд хөдөлмөрлөсөн шалгуур үзүүлэлт энэ хүнд байхгүй. Түүний ганц шалгуур бол зөвхөн өөрт нь үнэнч, таалагдах хүнийг л сонгодог. Аймаг, дүүргийн АН дотооддоо хагаралтай байгаа. Өмнө нь ийм хагаралтай байсан гэж үү. Баянзүрх дүүргийн АН-ын даргыг сольж тоголсон. Үүнээс болж Баянзүрх дүүрэгт юу болж байгааг иргэд харсан байх. Хан-Уул дүүргийн АН-ыг хэд хэд хуваасан. Өөрийнхөө хүүг намынхаа дэд даргаар томилсон. Хүргэнээ Баянгол дүүргийн АН-ын даргаар томилсон. Чингэлтэй дүүргийн АН-ыг хагалан бутаргасан. Одоо Сонгинохайрхан дүүргийг АН-ыг тараахаар завдаж байна. Ингэхдээ гурван хүн аваачаад “Сонгинохайрхан дүүргийн нам бол энэ” гэж зарласан. Үүнийг тус дүүргийн АН-ын үүрийн дарга нар болоод гишүүд эсэргүүцэж байна. Бусармаг зүйлийг дэмжихгүй. Дараагийн нэг зүйл н АН-ын нэр хүнд шалаар тарчихлаа. МАН-ын нам ЖДҮ, 60 тэрбумаараа хуваагдсан байхад АН-ын нэр хүнд тэднээс дор байна. Энэ бүхэн Э гэдэгтэй салшгүй холбоотой. Тиймээс түүнийг мөн огцруулах ёстой гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Эхний Э гэдэг хүн чухам хэн юм бэ?
-Монголчууд бүгдээрээ мэднэ. Эхний Э бол найман жил Ерөнхийлөгч хийсэн хүн. Дараагийнх нь АН-ын бүлгийн дарга байж байгаад одоо бүлэггүй болсон хүн. Гурав дахь Э бол дарангуйлагч, бүх дүүргийн АН-ыг самарсан хүн. Заавал нэр хэлэх шаардлагагүй байх. Хүн бүр мэдэх байх.
-АН-аас жагсаал хийнэ гэсэн. Та үүнийг дэмжих үү?
-Өнгөрсөн хугацаанд МАН-ыг эсэргүүцэж жагсахад Сонгинохайрхан дүүргийн АН-аас 3000 орчим гишүүн оролцсон. Одоо дэмжих гишүүн болсон болохоор мөнгө тараах замаар жагсаал хийх юм шиг байна лээ. Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд энэ жагсаалд оролцохгүй. Бид дэмжихгүй.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (58)