Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2019 оны нэгдүгээр сарын хойших Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг олгохоор боллоо. 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх 22391 багш ажилтнуудын 213 тэрбум 812 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хуюв буюу 14.7 тэрбум төгрөг нь боловсролын сайдын багцад бий. Эндээс багш нарын илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46800 гаруй багш ажиллагсдын цалин хөлсөнд 512 тэрбум төгрөг батлагдсанаас 19 тэрбум төгрөгийг илүү цагийн хөлсөнд төсөвлөгдсөн. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын илүү цагийн мөнгийг шийдлээ” гэсэн юм. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын филормани Баянмонгол чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчлэхээр болсон байна. Баянмонгол чуулганы 50 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.
Түүнчлэн зөвшөөрөгдсөн олимпиадад оролцох сурагчдаас бүртгэлийн хураамж авахгүй байхаар зохицуулжээ. Тодруулбал, “Сайдын тушаалаар аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж ялгаа үүсгэсэн уралдаан тэмцээн, олимпиад явуулахгүй байхыг чиглэл болгосон. Учир нь бага ангийн хүүхдүүдийг уралдуулдаг жишиг өндөр хөгжилтэй улс байдаггүй. Харин багийн уралдаан тэмцээн зохион байгуулж болно. Яамнаас зохиогдох болон олон улсын олимпиад тэмцээнд оролцуулж байхыг даалгасан. Цаашид БСШУСЯ-наас зохион байгуулах олимпиадын чиглэл өгнө. Зөвшөөрөгдсөн олимпиад, уралдаанд оролцож байгаа сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглоно” гэдгийг онцоллоо.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)