ЭШЛЭЛ 1
Намайг АНУ-д суралцаж байхад АНУ-ын ногоон карт эзэмшихийг санал болгосон, татгалзсан. Нэгдүгээр сургуульд суралцаж байгаад 15 руу шилжсэн. МУИС-ийн оройн ангид суралцаж байгаад АНУ-ын Индиана мужийн “Валпарайсо” их сургуулийг улс төрийн шинжлэх ухаан, практик бизнесийн хос мэргэжлээр төгссөн. Оюутан байхад Тагнуулын ерөнхий газраас “Амжилттай суралцвал манай байгууллага чамайг авна” гэж санал болгож байсан. Ингээд 2001 оны есдүгээр сарын 12-нд Тагнуулын ерөнхий газарт ажилд орсон.
ЭШЛЭЛ 2.
Улс төрд орох хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт, өвөг дээддээс уламжлагдаж ирсэн түүхээ бодох үүднээс. Аав, ээжийн хамаатнууд бүгд төр нийгмийн зүтгэлтэн, сэхээтэн байсан ч хэлмэгдсэн. Маршил Х.Чойбалсангийн орлогч сайд, Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Номтайширын Лхамсүрэн гэдэг хүний ур удам. Нөгөө нэг шалтгаан нь бухимдалдаа хөтлөгдсөн гэж хэлж болно.
ЭШЛЭЛ 3.
Миний өвөг Номтайширын Лхамсүрэн 1957 онд, өвөө Бямбаа маань 1937 онд хэлмэгдсэн. Харин аав Нямтайшир 1985 онд хэлмэгдэж ажлаасаа халагдаж байсан.
ЭШЛЭЛ 4.
Миний аав 1980-1984 онд Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан. Цагаан суваргын ордын тухайд Нийгмийн аюулаас хамгаалах яаманд социализмын үед ажиллаж байсан залуу Цагаан суваргын ордыг олж мэдэнгүүтэй “1990 онд ардчилсан нийгэм гарахаар энэ ордыг авах юм шүү” гэж төлөвлөж болж таарах нь ээ. Социализмын үеийн бүтээгдэхүүн, тэр дундаа 30 нас ч хүрээгүй залуу ийм алсын хараатай байж чадах уу. Өмнө нь танай нэвтрүүлгээр Н.Алтанхуяг орохдоо иймэрхүү зүйл ярьж байсан. Ингэж баримжаагүй залж болохгүй.
ЭШЛЭЛ 5.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудалд Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг цагаатгах эсэхийг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх байх. Нягталж үзээгүй мэдээлэл дээр тулгуурлаж, байр суурь илэрхийлж яагаад ч болохгүй.
ЭШЛЭЛ 6.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван хүний асуудлын тухайд үнэн худал гэсэн хоёр туйл байна. Хэрвээ тэднийг хэлмэгдүүлсэн бол хэний бодлого, захиалгаар худал зүйлийг үнэн болгох гэж ажилласан юм бэ гэдэг нэг туйл байна. Нөгөөх нь хэрвээ эдгээр иргэд аллага үйлдсэн нь үнэн юм бол хэний захиалгаар үнэн зүйлийг худал болгох гэж улайрч байна вэ.
ЭШЛЭЛ 7.
Б.Нямтайшир гэдэг хүнийг “Монголын эдийн засаг” гэж хэлсний учир нь төсөв бүрдүүлдэг утгаар нь хэлсэн юм. Монголын эдийн засгийг бизнес эрхлэгчид төр, засгийн бодлого шийдвэртэй, шийдвэргүйгээр нуруундаа үүрээд, хөгжүүлж байна. Жишээ болгож хэлсэн юм. Уг нь Б.Нямтайшир тэргүүтэй хүмүүс гэж хэлсэн. “Монголын цөөн хэдэн бизнесменүүд Монголын эдийн засгийг авч явдаг шүү дээ” гэж хэлсэн.
ЭШЛЭЛ 8.
У.Хүрэлсүх 30 гэр бүл гэж үнэн хэлсэн. Энэ үгэнд талархдаг. Яагаад 30 гэдэг тоо гарсныг мэдэхгүй байна. Үнэн хэрэгтээ Монголын эдийн засаг татвар төлдөг 100-150 топ аж ахуйн нэгж ачааны хүндийг үүрдэг. Тухайлбал, цалин, тэтгэвэр, сургууль цэцэрлэг төсөв гээд татвар төлөгч аж ахуй нэгжүүд мөнгө үйлдвэрлэдэг. Тэрнээс биш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мөнгө үйлдвэрлэдэг юм биш. Тэдний үндсэн үүрэг нь бизнесийн таатай хууль эрхзүйн орчин бүрдүүлэх, сайжруулах. У.Хүрэлсүхийн үгэнд эмзэглэх зүйл байхгүй. 30 гэр бүлийн нэг нь болчих вий гэж бизнес эрхлэгчид айж, эмээх шаардлага байхгүй.
ЭШЛЭЛ 9.
“Цагаан суварга”-ын орд нь социализмын үед төрөөс хайгуулын ажил хийсэн. Өөр хэн ч хайгуулын ажил хийх боломжгүй байсан. 34 хувь гэдэг нь ТЭЗҮ-тэй холбоотой. Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) төр баталдаг. 34 хувийг эзэмшинэ гэдэг нь тухайн батлагдсан ТЭЗҮ-ээр 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Засгийн газар хийх байсан. Бид “Төртэй хамтаръя. Төр 34 хувийг эзэмшээд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй” гэж үзсэн.
ЭШЛЭЛ 10.
Хэрвээ тухайн үед УИХ-ын тогтоолоор төр “Цагаан суварга”-ын 34 хувийг авч 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол “Номтойбаяр аа. Чи УИХ-ын гишүүдийг лоббидож, 34 хувийг Засгийн газарт өгснийхөө оронд 350 сая ам.долларыг гаргуулж авлаа” гээд мөн л яллах байсан байх.
ЭШЛЭЛ 11.
Цагаан суваргын ордыг төрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцөд бүртгэж авсан гээд байна. Төрөөс зардал гарсан нь үнэн. Зардал гаргаад тухайн үеийн Эрдэс баялгийн зөвлөл нь нөөц тогтоож, нөөцөд бүртгэж авсан үгүй гэдэг нь тусдаа асуудал. Зардал гарсан нь үнэн. Нөөцөд аваагүй.
ЭШЛЭЛ 12.
Үндсэн хуулийн 6.1-т зааснаар “Цагаан суварга”-ын орд төрийн мэдэлд байгаа. Ашигт малтмалын хуулиар “Энэ орд дээр үйлдвэр барь” гэдэг үүднээс лицензийг нь манайд өгсөн. Тиймээс одоо үйлдвэрээ барьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан. Энэ төслийн 60 хувийг татвар хэлбэрээр төрд өгдөг. Үйлдвэр ашиглалтад ороод үр шимийг нь ингэж хүртэх юм.
ЭШЛЭЛ 13.
Манайд хийж бүтээдэг хүмүүсээ яллаж байна. Улс төртэй холбоотой Н.Номтойбаяр түүний хамаарал бүхий этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагааг хааж болно. Гэхдээ бусдыг нь битгий хааж, ялла, дээрэлхэ.
ЭШЛЭЛ 14.
“Цагаан суварга”-ыг өгөх үү, өгөхгүй юу гэсэн асуултад “Дээрэмдээд ав л гэсэн шүү дээ. Нэгдүгээрт, бид хууль зөрчөөгүй. Хууль зөрчөөгүй гэдгээ батлахын тулд бид өөрсдөө санаачлагаараа гүйж очихгүй. Хуулийн дагуу явах ёстой. Хууль, дүрэмгүй тоглосны гай юу болдог билээ дээ. Хууль яах гэж байдаг юм бэ. Хуулийн үндсэн чиг үүрэг нь хөгжил бий болгох шүү дээ.
ЭШЛЭЛ 15.
Сүүлийн үед барьцаалагдсан УИХ гэх боллоо. Гишүүд хууль зөрчсөн болохоор барьцаалагдсан. Тухайлбал, ЖДҮ-ийг дурдаж болно. Хэрвээ намайг бизнесээр барьцаалах гэвэл би “Барьцаалагдахгүй шүү” гэж хэлнэ. Үүнийг би одоо ч, дараа ч хэлнэ. Бизнесээр барьцаалагдаж, итгэл үнэмшлээсээ ухарч, хэн нэгэн даргын цүнхийг нь барьж цай, кофе аягалж чадахгүй. Санаа, оноо нийлээд Монголын эрх ашигт нийцтэй зүйл байвал гар нийлж чадна.
ЭШЛЭЛ 16.
Г.Нямдорж, Н.Номтойбаяр хоёртой холбоотой хэргийг талаар “Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын дараа өмгөөлөгчтэйгээ очиж хэргийн материалтай танилцахад олон гайхмаар зүйлийг мэдсэн. Тухайлбал, яллагчаар Г.Нямдорж гэж татсан хэрнээ дор нь Н.Номтойбаяр гэж бичээд дор нь Г.Нямдорж гарын үсэг зурсан байх жишээний. Энэ мэтчилэн би шударга бусын хонгил гэх хонгилын дунд хүртэл нь алхсан. Эргэж гарч чадсан.
ЭШЛЭЛ 17.
Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан түүнээс нэг сая ам.доллар нэхэж байжээ. Энэ талаараа тэрбээр “Тэр хүн хоёр хүнээр дамжуулж нэхсэн. Нэг нь Г.Нямдорж нөгөөх нь миний багын найз. Азаар тэр хүн цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн.
ЭШЛЭЛ 18.
Би Мунзуй Г.Нямдоржийг хутгалаагүй. Хавтаст хэрэгт 0.5 мм мохой зүйлээс үүдсэн зулагралт гэж тэмдэглэгдсэн байдаг. Огт тийм хэрэг болоогүй.
ЭШЛЭЛ 19.
Булган аймгийн иргэнийг дайрсан хэргийн тухайд “Түлүүгийн давааны автозамын хажууханд байрлах гуанзны ойролцоо болсон хэрэг. Шороон замаас засмал зам руу орох гэж байхад ийм харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед жолооч маань жолоо барьж явсан. Яаралтай арга хэмжээ авсан. Булганы эмнэлэгт хүргэж, яаралтай арга хэмжээ авсан. Биеийн байдал нь сайжирсан ч компьютер томографикт харуулах шаардлагатай гэсэн. Булган аймгийн төв эмнэлэгт энэ төхөөрөмж нь байгаагүй. Тиймээс 50 км зайд орших Эрдэнэт хотын Япон-Монголын хамтарсан эмнэлэгт үзүүлэхээр явах замд артерийн судас нь хагарч нас барсан. Энэ хэрэгт эмч нараас эхлээд бүгдээрээ шалгагдсан. Осол болсон газарт камер байгаагүй. Гэхдээ хангалттай олон гэрч байсан. Осол өдрийн 15.00 цагт болсон” гэсэн юм.
ЭШЛЭЛ 20.
Сэтгүүлч “Нас барьсан хүн согтуу байсан нь үнэн үү” гэхэд “Үнэн. Мөрдөн байцаалт, шалгалтаар жолооны үнэмлэхгүй, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон” гэлээ. Хохирогчийн ар гэрт тусламж үзүүлээгүй. Учир нь гурван жилийн өмнө гэрээсээ хөөгдсөн юм билээ. Түүнээс хойш айлл хар бор ажил хийж оронд нь тагш уух юм авдаг байсан юм билээ. Ар гэрийнхэн нь манай жолоочоос “50 сая төгрөг өг. Танай дарга их мөнгөтэй хүн” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь “Амьд сэрүүн байхад нь харж хандахгүй яасан юм бэ. Одоо үхлээр нь далимдуулж мөнгө авах гээ юу. Битгий өг” гэж хэлсэн. Сүүлд 500 сая төгрөг нэхсэн. Өгөөгүй” гэв.
ЭШЛЭЛ 21.
АНУ-д амьдардаг Батмөнх гэдэг хүн Номтойбаяр “Номтбаяр, Номтойбаяр” гэдэг хоёр нэртэй. 2001 онд Чикаго хотод амьдарч байхдаа архидан согтуурч, биеэ үнэлэгч авсан хэргээр саатуулагдсан. Тиймээс АНУ-д нэвтрэх боломжгүй болсон. Америкийн шүүхээс ял авсан” гэсэн мэдээлэл гарсан талаар “Нэгдүгээрт, 2001 оны есдүгээр сарын 29-нд миний бие Монголд байсан. Байх байхдаа Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Ийм мэдээлэл гарангуут нь би Тагнуулын ерөнхий газраас томилогдсон тушаалаа өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн. Монголд ажиллаж байсан хүн яаж яваад есдүгээр сарын 29-нд АНУ-д хэрэгт холбогдох вэ. Хил хамгаалах ерөнхий газарт энэ хэргээр хандаж байсан” гэлээ.
ЭШЛЭЛ 22.
Ч.Чамин-Эрдэнийн нас барьсан хэрэгт Н.Номтойбаярын хүү Мөнгөншагай гэж хүн холбоотой гэдгийг талийгаачийн ах Гэрэлхүү мэдэгдэж байсан. Танд Мөнгөншагай нэртэй хүүхэд бий юу гэдэг асуултад “Надтай хамаарал бүхий этгээд. Ийм зүйл хийгээгүй. Монголын сайхан залуусын нэг амиа алдсанд харамсдаг. Гэрэлхүү гэж тэр хүн Францад амьдардаг юм билээ. Францад цагаачлаад 10 гаруй жил болж байгаа гэсэн. Би Гэрэлхүүг талийгаачийн ах нь гэж бодож байтал үгүй юм билээ. Сүүлдээ талийгаачийн ээжийнх нь дүү гэж сонсогдтол бас биш болж таарч байх шиг байна лээ. Намайг сүүлдээ Нэмэхбаяр гэдэг хүнтэй холбосон. Тэр хүн нь студи ажиллуулдаг юм шиг байна лээ. Тэгсэн студийнх нь мөнгийг намайг өгсөн гэж ярьсан. Тийм зүйл огт байхгүй. Нэмэхбаярыг би мэдэхгүй, танихгүй. Цагдаагийн байгууллагаас намайг болон Мөнгөншагайг дуудаж, шалгаагүй. Хэрвээ дуудвал очиж шалгуулахад бэлэн. Яагаад дуудахгүй байгаа юм гэхээр энэ хэрэгт бид ямар ч холбоогүй, тэдний ярьсан зүйл үнэнд нийцэхгүй болохоор л тэр. Тухайн үед хаана юу хийж явснаа бид хангалттай нотолно. Энэ хэрэг шалгагдаад дуусгавар болсны дараа бид хуулийн байгууллагад гомдол гаргана. Хүн аминй ноцтой хэрэгт гүтгэгдсэн.
ЭШЛЭЛ 23.
Хүн хүчиндсэн гэдэг мэдээг хоёр сая төгрөгөөр гаргасан гэх мэдээлэл гарсан. Би түүнийг нь ил болгож, гаргасан. Улс төрд шинээр орж байгаа залуучууддаа хандаж хэлэхэд шударга бусын хонгилын наана хэвлэлийн хар хонгил байдаг юм. Энүүгээр сайн тоосоо гөвүүлчихвэл гэмгүй.
ЭШЛЭЛ 24.
Би хар масс гэж хэлэх дургүй. Хар масс гэдэг бол аливааг эргэцүүлж, дүгнэх чадваргүй шууд итгэдэг нийгмийн хэсгийг хэлнэ. Энэ дунд сэхээтэн залуус ч бий. Хамгийн гол нь хар массыг хар чигээр нь байлгах сонирхол улстөрчдөд байдаг. Улстөрчид тэднийг улс төрд зэвсэг болгон ашигладаг.
Сэтгэгдэл (72)