УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга С.Зоригийн амь насныг хөнөөсөн хэрэгт холбоотой гэгддэг Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэмээн үзэж Авилгын эсрэг, Прокурорын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Ингээд УИХ-ын гишүүд тус хуулийг эцсийн хэлэлцүүлгийг өнгөрөгч лхагва гарагт хийж баталсан юм.
Дээрх хуулийг хэлэлцэж байх үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх боломжтой. Гишүүдэд үзүүлэх бичлэг бэлэн болсон хэрвээ үзье гэвэл одоо ч үзүүлж болно" хэмээснээр гишүүдийн олонх нь чуулганы хуралдаан түр завсарлахаар үзье хэмээн санал нэгдсэн юм. Ингээд гишүүд Төрийн ордны “А” тахимд уг бичлэгийг үзсэний дараа тус хуулийг шууд баталсан.
Бичлэгийг үзсэн гишүүдийн олонх нь XXI зууны Монгол Улсад эрүүдэн шүүлт дуусгавар болоогүй байна. Эрүүдэн шүүлт байгааг хүлээн зөвшөөрлөө гэдэг тайлбарыг хэвлэлийнхэнд өгч байв.
Тэгвэл уг бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлэхээр болсон юм. Учир нь сэтгүүлчид бодит үнэн, баримтад тулгуурлан мэдээллийг боловсруулж олон нийтэд хүргэх үүрэгтэй. Иймээс дээрх бичлэг бодитой юу, гишүүдийн ярьсан шиг эрүүдэн шүүлт үнэхээр бий эсэх зэрэг олон эргэлзээтэй олон асуулт сэтгүүлчид болоод олон нийтэд үүсээд байсан юм. Ингээд Засгийн газраас Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй зургаан өдрийн бичлэгийг хураангуйлж, хассан 20 гаруй минутын бичлэгийг сэтгүүлчдэд өнөөдөр үзүүлэв.
Бичлэгт УИХ-ын гишүүн С.Чинзориг, О.Баасанхүү нарын ярьсан шиг мөрдөн байцаалтын ердийн орчинг хангаагүйн дээр дэглэж байгаа нь харагдаж байлаа. Бичлэгт агааржуулагчгүй, 00-гүй, хэрэглээний усгүй өрөөнд Д.Содномдаржааг цагдан хорих үед Ц.Амгаланбаатар "Чи хэргээ хүлээ" гэж түүнийг байнга дарамталж, шахаж байгаа нь бичигджээ. Ийм шахалт, дэглэлтийн дор тэд 463 хоногийг өнгөрүүлж, улмаар хэрэг үйлдсэнээ хүлээж ял үүрсэн байдаг.
Үүнээс гадна ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “2013 оны наймдугаар сарын дундуур Ц.Амгаланбаатар дээр ажиллагаа эхэлсэн. Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг харьяаллын бус АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хэрэг нь тагнуулд, ажлын хэсэг нь прокурорт байсан. Гэтэл АТГ гэх харьяаллын бус газар гүйцэтгэх ажиллагаа явуулж бүтэн жил болсон. Энэ хугацаанд Ц.Амгаланбаатар гэдэг хүнээс Т.Чимгээгийн гар утас руу баахан мессэж явуулсан. Тэр мессэжэнд бичсэн үгийн бохир завааныг хэлэх юм биш. Ингээд сүүлд нь гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.Содномдаржааг хэрэгт холбогдуулахын тулд зориуд зодоон цохион зохион байгуулж, 2015 оны гуравдугаар сарын 31-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Үүнээс 40 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд нас барсан цогцос аваачиж хаясан. Тэгээд наймдугаар сарын 31-нд цагдан хориод, есдүгээр сарын 1-нээс эхлэн өрөөнд нь хүмүүс оруулах замаар хэрхэн дарамталсныг сэтгүүлчид та бүхэн нүдээрээ үзсэн. Ингэж хоригдсоноос хойш шүүхээр шийтгүүлэх хүртэл нэг жилийн нүүр үзсэн. Шийтгэсний дараа энэ гурван хүнийг хорих ангийн хүн оруулж болдоггүй, хамгийн чанадад хорьсон. Хамгийн сүүлд саяхан Д.Содномдаржаагийн ээж хүүтэйгээ уулзах гэтэл "Прокурорын зөвшөөрөлгүй" гээд буцаасан.
Нэгэнт ял шийтгэгдсэн хүнд хуулийн хугацаа нь болсон хэн нэгнээс зөвшөөрөл авалгүй очоод уулзаж болдог хуультай. Прокурор хэнийг уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд байсан. Ингээд шийтгүүлснээс хойш гурван жил найман сарын хугацаа өнгөрч байна” хэмээн ярьсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (32)