Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшсэн А.Цэрэнсодномын нэрийг эгүүлэн татаж байгааг мэдэгдлээ.
Прокурор А.Цэрэнсодномыг Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан түүнийг нэр дэвшүүлээд байсан юм.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн А.Цэрэнсодномын томилгоог буцаан татаж байна. Түүнтэй холбоотой бичлэг цацагдсан учраас дахин өөр хүний нэрийг оруулна” гэв.
Түүнчлэн өчигдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын талаар тайлбарлалаа. Энэ талаар “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт нэр бүхий иргэд хэлмэгдээд олон жил болж байна. Тиймээс прокурорыг огцруулах саналыг томилдог байгууллагад нь хүргүүлнэ.
Мөн АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах, чөлөөлөх зөвлөмжийг ҮАБЗ болон УИХ-д оруулна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авлига авсан хоёр шүүгчийг түдгэлзүүлсэн. Бүх шатны шүүхийн шүүгчийн хугацаанаас нь өмнө хариуцлага тооцож, огцруулдаг нэмэлт өөрчлөлт хийсэн.
Улсын Ерөнхий прокурор болон орлогчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч хэн нэгэнтэй зөвшилцөхгүй шийднэ. Шинэ үндсэн хууль баталснаас хойш 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагынхан хүн тамладаг асуудал зогсоогүй байна. Энэ нь хуулийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна. Цаашлаад төрийн нэр хүндийг унагааж байна. Төрийн нэр хүндийг цэвэрлэх ажил хуулийн байгууллагын авлига авдаг, шударга бус байдлыг арилгахаас эхэлнэ.
Аргагүйн эрхэнд ҮАБЗ энэ асуудалд оролцож байна. Муу нэртэй хүмүүсээс шүүх, прокурор, хуулийн байгууллагыг цэвэрлэж, салгах ёстой. Ажлаас чөлөөлөх нь зөвхөн шалгах боломжийг олгож байна гэсэн үг. Тэднийг буруутай эсэхийг шүүх тогтооно. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 10 жил бусдад барьцаалагдсан байсан Е.Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаанд хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн хэр шударга шийдвэр гаргах вэ” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (18)