Энэ хоёр эрхэмд үй зайгүй нөхөрлөж бас шадарлаж явсан үе бий. Иргэний нийгмийн хөдөлгөөний өрхийг татахаас эхлээд Н.Энхбаярыг “Хаан” явахдаа босгосон хана хэрэм, дэглэмийг нь нураахын төлөө зоригтой дуугарч явсан нь 2005 он. Шар бүч, хар пальтогоор ижилссэн тэд нэг хүний дектатурын эсрэг Төв талбайд жагсаал зохион байгуулж, Төрийн ордныг гороолон, түмпэн сав хүртэл нүдэж байв. Түүнээс хойш юу өөрчлөгдөв.
Хоёулаа төр түшилцэхээр, гаднаас биш дотор нь орж тэмцэхээр зориг шулуудаж хэдэнтээ нэр дэвшсэн ч нэг нь саарал ордны босго давж, нөгөөх нь намын удирдах албан тушаалд хүрснээр нэгэн аравныг үджээ.
Сонирхолтой нь, энэ хугацаанд хүссэн ч эс хүссэн Ж.Батзандан, О.Магнай нарын эрх ашгийн зам салж байгаа бололтой. Угтаа Ж.Батзанданг О.Магнайгаас, О.Магнайг Ж.Батзандангаас ялгаж, салгаж харах боломгүй, яаж ч холдуулах боломжгүй еэвэнгийн хоёр тал шиг байсан нөхөрлөл тэдэнд бий. Гэвч улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг гэж байдгийн адилаар тэдний нөхөрлөл, тэмцэл бүдгэрч эхэллээ.
Үүнийг Ж.Батзандан гишүүний хийж байгаа улс төрийн тэмцлээс тодорхой харж болно. Эхлээд Ж.Батзандан тэргүүтэй таван гишүүн МАНАН-гийн эсрэг дэглэмийг нураахаар Төв талбайд хэдэнтээ жагсаал зохион байгуулснаар тодорсон. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах Бүлгийн шийдвэрээс зөрснийх нь хариуд Ж.Батзандан намаасаа хөөгдсөн нь өнгөрсөн он. Үүнд нь эгдүүцсэн тэрбээр АН-ын удирдлагуудыг МАНАН-гийн гар хөл болсон хэмээн ээлж дараалсан мэдэгдэл хийсээр нэгэн хаврыг угтаж байна.
Л.Болд гишүүний хамт шинэ нам байгуулахаа мэдэгдэж МАНАН дэглэмийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. Үүнтэй зэрэгцэн АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийж ЖДҮ-ийн эсрэг жагсаал зохион байгуулахаа илэрхийлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.
Эсрэгээрээ Ж.Батзандантай нэгэнт зам салснаа АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай битүүхэндээ илэрхийлчихэв.
Тэрбээр “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ШХАБ-тай холбогдож байна. ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд байна. ШХАБ-д элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй. АН ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө хатуу зогсоно” гэсэн нь анхаарал татав.
Өнгөрсөн цаг хугацааны архив, өдгөө болж байгаа үйл явдлын өрнөлөөс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ-тэй холбогдож байгаа нь бодит үнэн. Үүнийх нь төлөө хариуцлага тооцон огцруулахаар АН улс төрийн шийдвэрээ гаргасан ч тэрийг сөрсөн хүний нэг нь Ж.Батзандан. Нэг үгээр Ж.Батзандан тэргүүтэй гишүүд ЖДҮ-чдийг хамгаалсан болж таарна.
Харин Ж.Батзандангийн хэлж, тэмцээд байгаа МАНАН бүлэглэлийнх нь бүрэлдэхүүнд О.Магнай багтаж байгаа нь бас нэг үнэн. Бүр удирдлагын төвшинд ажиллаж байна. АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс МАНАН бүлэглэлийнх гэдэг нь үнэн л юм бол нарийн бичгийн дарга О.Магнай ч тэдгээрт орно, нэг эд эс нь. Ж.Батзандангийн тэмцэл С.Эрдэнээр дамжин О.Магнайг ч чиглэж байгаа гэсэн үг. Мэдэгдэл, мэдээлэл хийх бүртээ онцлох болсон Ж.Батзандангийн үгээр шүү дээ.
Гагцхүү нэг зорилгын төлөө, нэгэнт цагт шадарлаж явсан Ж.Батзандан, О.Магнай нарын эрх ашгийн салаа зам, улс төрийн замнал хаана очиж эргэн нийлэх бол гэдэг нь сонин бөгөөд сонирхолтой.
Магадгүй аль аль нь албан тушаалгүй болсон тэр үед байж мэдэх. Эсвэл энэ чигтээ явсаар бүр нийлэхгүй байхыг үгүйсгэхгүй.
С.Гандөл
Сэтгэгдэл (14)