ЭШЛЭЛ 1
Энэ бичлэг бол 2009 он буюу одоогоос 10 жилийн өмнө болсон үйл явдал.
ЭШЛЭЛ 2.
Бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг.
ЭШЛЭЛ 3.
Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй. Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга гэдгээр нь эчнээ мэднэ. Би хууль хяналтын байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс яллах үүргээ гүйцэтгэдэг үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн.
ЭШЛЭЛ 4.
Н.Энхбаяр өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, хилсээр хэлмэгдсэн мэтээр үзэж, түүнийг ялласан, түүнийг шүүсэн хүмүүсийг бүгдийг хууль завхруулагчид мэт болгож нийгэмд харагдуулах зорилгоор ийм зүйлийг зориуд санаатайгаар тарааж, нийгмийн тархийг угааж байна гэж би үзэж байна.
ЭШЛЭЛ 5.
Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас гуч орчим насны хоёр залуу орж ирж хүч хэрэглэж айлган сүрдүүлж, дарамтлан рекет хийх замаар энэ бичлэгийг хууль бусаар хийсэн.
ЭШЛЭЛ 6.
Энэ бүхнийг магадгүй Н.Энхбаяр хамсаатнуудтайгаа зохион байгуулсан ч байж мэднэ.
ЭШЛЭЛ 7.
Бичлэг хийсэн хоёр хүн, түүнийг зохион байгуулсан хүмүүс намайг хууль бусаар мөрдөж мөшгөсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Бусдын зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд хууль бусаар нэвтрээд зогсохгүй дуу дүрсний бичлэг хийж байгаа үйлдэл нь ч өөрөө хууль бус.
ЭШЛЭЛ 8.
Магадгүй миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор намайг дарамтлах, гэм буруутай мэт харагдуулах гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулсан байх гэж бодож байна. Энэ бичлэгийг тухайн үед нь бус өнөөдөр тарааж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 9.
Би тэр үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай байсан.
ЭШЛЭЛ 10.
2009 оны долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр ээлжийн амралтаа аваад амарч байхад таньдаг хүн утасдаж гэртээ урьсан юм. Намайг очиход цай, хоол бэлдээд “Амралтыг чинь ёсолъё” гэж архи задалж, дайлсан.
ЭШЛЭЛ 11.
Намайг тэднийд согтуу байж байхад гэнэт л гэрэл чийдэн болоод л хоёр хүн орж ирээд л хашгирч, дарамталж бичлэг хийсэн.
ЭШЛЭЛ 12.
Дахин хэлэхэд эмэгтэй хүн хүчирхийлсэн, нөхрийнх нь хэрэгтэй холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн асуудал огт болоогүй.
ЭШЛЭЛ 13.
Би энэ асуудлыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд шалгуулна. Хуулийн байгууллагын шалгалтаар тэр айлын эзэн хуйвалдсан уу, хохирсон уу гэдэг нь тодорхой болох байлгүй дээ.
ЭШЛЭЛ 14.
Тухайн үед гомдол гаргаагүй шалтгаан нь миний хувийн амьдрал, хувийн нэр төртэй холбоотой байсан учраас гомдол гаргаагүй юм.
ЭШЛЭЛ 15.
Н.Энхбаярыг хянаж, яллаж байхад Н.Энхбаярыг ялла, шийтгэ, гэм буруутайд тооц гэж хэн нэг хүн, ямар нэг этгээд даалгаж, захиалга өгч өгч байсан тохиолдол огт байхгүй. Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр болон дараачийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Ц.Элбэгдорж Сагсайгийн но-г мэддэг байсан учраас Сагсайд үүрэг өгч энэ ажиллагааг хийлгэсэн байна” гэх мэтээр ярьсан. Тийм зүйл огт байхгүй.
ЭШЛЭЛ 16.
Ц.Элбэгдоржийг ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэдгээр нь эчнээ мэднэ. Тэрнээс биш нэг ч уулзаж, ярилцаж үзээгүй. Энэ утгаараа би тэр хүнийг танихгүй.
ЭШЛЭЛ 17.
Монгол Улсын баруун хязгаар, Алтайн нуруунаас эх авдаг Ховд голын нэг том цутгалан, Сагсай гэж гол байдаг. Энэ гол хэдэн мянган жилийн өмнө л ийм нэртэй байсан. Одоо ч тийм нэртэйгээ л байгаа. Би тэр голын хөвөөнд төрсөн учраас миний өвөө энэ нэрийг надад хайрласан гэж аав, ээж минь хэлдэг юм. Би чинь эгэл жирийн малчны үр хүүхэд шүү дээ.
ЭШЛЭЛ 18.
Би Н.Энхбаярын шүүх хуралд оролцож, ялласан шүүх хурал болсны дараа МАХН-ын нэг хурал болсон юм. Онц их хурал ч билүү, ээлжит их хурал нь ч билүү. Тэр хурал дээр Д.Бямбасүрэн гуай үг хэлэхдээ Н.Энхбаярыг ялласантай холбогдуулан хүнийг ингэж хилсээр яллаад шүүхээр оруулж хэрэгтэн болгохыг “Сагсайдах” гэж нэрлэе гэж ярьсан байсан.
ЭШЛЭЛ 19.
Н.Энхбаярыг гурван шатны шүүх гэм буруутай гэж үзсэн. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн тогтоолууд өнөөдөр ч хүчин төгөлдөр тогтоолууд хэвээр байна. Тэгэхэд намайг л өөрийг нь хэлмэгдүүлсэн, хилсдүүлсэн гэж яриад байгаа нь зүйд нийцэхгүй.
ЭШЛЭЛ 20.
2012 оны есдүгээр сарын үед Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн надтай уулзъя гэж санал тавихаар нь уулзсан. Гэтэл “Манай Н.Энхбаяр даргын гарт чиний тухай, чиний хувийн амьдралын тухай ноцтой мэдээлэл бүхий бичлэг байна. Тийм учраас Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг” гэдэг асуудал тавьж байна. Хэрвээ энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж байна шүү” гэсэн.
ЭШЛЭЛ 21.
Би хариуд нь “Хэрвээ Н.Энхбаярын гарт миний хувийн амьдралыг харуулсан бичлэг байгаа бол энэ миний хувийн асуудал байна. Миний албан ажилтай холбоогүй юм байна. Хоёрдугаарт, үнэхээр тийм бичлэг байгаа бол наадах чинь хууль бус бичлэг байна. Намайг мөрдөж, мөшгөж, хууль бусаар бичлэг хийсэн байна. Энэ бол хууль бус үйлдэл байна. Хэрвээ тэр бичлэгийг олон нийтэд тараах юм бол тарааж байгаа үйл явц нь өөрөө хууль бус болох ёстой. Тийм учраас хувийн эрх ашгаа дээгүүр тавьж албаны эрх ашгаа хойш нь тавьж би өөрийн нэр төрөө бодож хууль бус үйлдэл хийхгүй ээ. Энэ хүний хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруутай эсэхэд дүгнэлт хийнэ. Тийм учраас би цагаатгах санал тавьж, чадахгүй юм байна” гэж хэлээд явуулсан.
ЭШЛЭЛ 22.
Тухайн үед гэнэтийн үйл явдал болсон. Хоёр залуу орж ирж шантаажилж, дарамталсан, айлгасан, би өөрөө согтуу байсан болохоор “Үнэн, үнэн” гэж хэлсэн. Олон жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ. Яг ямар үйл явдал болсныг би өнөөдөр тод санаж чадахгүй байна.
ЭШЛЭЛ 23.
Дээрх бичлэгийг нийтэд тарааснаараа Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж би үзэж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 13.10-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.11-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан гэж байна. Тийм учраас би энэ асуудлыг зөвхөн хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг тогтоолгоно.
ЭШЛЭЛ 24.
Н.Энхбаяр гуай Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн эсэх нь надад ямар хамаа байна. Магадгүй нэр дэвших гээд оноо авах пиар хийж байгаа ч юм билүү. Н.Энхбаяр гэж шударга хүн хуулийнхны муу муухай, булхайг илчилж байна гэж харагдах зорилготой байж болох юм.
Сэтгэгдэл (121)