АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар ШХАБ-д элсэхийг дэмжсэн гишүүдэд ЖДҮ-гээс зээл олгосон байх талтай гэдгийг мэдээллээ.
Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Манай улс 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо тэмцэж олсон.
Гэтэл 100 жилийн босгон дээр ШХАБ-д элсэх нэрээр Монгол Улсын тусгаар тогнолыг худалдах гэж байна. МАН-ын нэр бүхий гишүүд ШХАБ-д элсэх нь зүйтэй гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас нь эхлээд дэмжиж байна. Ингэж болохгүй. Бид хэчнээн ядуу, хэчнээн дотооддоо эв найрамдалгүй байлаа ч улсынхаа тусгаар тогнолыг бусдад худалдаж болохгүй. ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийн бүгдээрээ ШХАБ-д элсэх асуудлыг дэмжиж байна. Эндээс харвал тэд ШХАБ-д элсэхийг дэмжинэ гэж наймаа хийн ЖДҮ-гээс зээл авсан байх. Бид ингэж хардаж байна. Хардахаас ч өөр аргагүй. Учир нь үүнийг баталсан хэд хэдэн процес сүүлийн үед боллоо. Тиймээс бид ирэх сарын 5-нд жагсаал цуглаан зохион байгуулна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа зорилго нь МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд сандал суудлын зодооноос өөр ажил хийсэнгүй. Тиймээс 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл, ЖДҮ-чин гишүүдтэй хариуцлага тооц гэдгийг шаардаж улмаар ШХАБ-д элсэхийг эсэргүүцэж жагсана. 100 жилийн өмнө бид эрх чөлөөгөө тэмцэж олсон. Гэтэл ШХАБ-д элсэх замаар бидний эрх чөлөөг худалдах гэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засаг байнга өссөн.
Энэ нь МАН-тай холбоотой биш харин ч бизнес эрхлэгчидтэй холбоотой. Гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой. Дэлхийн зах зээлийн үнийг МАН чиглүүлдэг юм биш. Гэтэл өөрсдийн гавъяа шигээ улайран ярьж байна. Дэлхийн зах зээл дээрх үнэ өсч, Монголын эдийн засаг өссөн байхад вальютын ханшийг 600 орчим төгрөгөөр алдлаа. Ингэснээр өдөр тутмын хэрэглээний үнэ 23 хувиар өссөн. Шатахууны үнэ өссөн.
2016 онд МАН-аас хэвлий дэх үр чинь хүртэл 15 сая төгрөгийн өртэй гэж иргэдийг айлгаж байгаад сонгуульд ялсан. Гэтэл нэг ч томоохон бүтээн байгууллалт хийгээгүй хэрнээ энэ өр 23 сая төгрөг давчихаад байна. АН гурван тэрбум ам.долларын зээл аваад маш олон бүтэн байгуулалт хийсэн. Сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй 3000 гаруй км зам тавьсан. Онгоц худалдаж авсан. ДЦС-ийн хүчин чадлыг нэмсэн. Сум болгонд цахилгаан түгээсэн. Гэтэл нэг ч ажил хийгээгүй хэрнээ Засгийн газрын өрийг 4 тэрбум 471 сая ам.доллараар өсгөсөн.
МАН Засгийн эрхэнд гарснаас хойш гадаад өр бараг төлөгдөөгүй. Тиймээс энэ бүгдийг эсэргүүцэж, ирэх сарын 5-нд жагсана. Ард түмнийг бидэнтэй хамт байгаарай гэж уриалмаар байна. Хэрвээ АТГ, Улсын Ерөнхий прокурор, Дээд шүүхийн даргаас айгаад байгаа бол айхгүй байх хуулийг нь би санаачлаад өгье. Асуудлыг шийдэх болно” гэлээ.
Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Баянзүрх дүүргийн нөхөн сонгуульд АН оролцоогүй. Учир нь сонгууль зохион байгуулсан процедур нь хууль бус байсан учир шүүхэд хандсан байгаа. АН-ын зүгээс 60 тэрбум, ЖДҮ-гийн асуудлыг огт орхиогүй. Хоёуланг нь эсэргүүцэнэ" гэсэн юм.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (15)