Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 970.880 тээврийн хэрэгсэл, 1.207.690 жолооч бий гэсэн судалгаа гарчээ. Үүнээс нийслэлд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл идэвхитэй хөдөлгөөнд оролцдог талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, 2019 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 11479 дуудлага, мэдээлэл хүлээн авч 4265 зам тээврийн осол шалган шийдвэрлэжээ. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 221 гэмт хэрэг бүртгэгдсэний улмаас 56 хүний амь нас хохирч, 165 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтжээ.
Мөн Тээврийн цагдаагийн албанаас эхний хоёр сарын байдлаар нийт 132 хэрэг шалгаж, шийдвэрлэснээс 111 хэргийг Тээврийн цагдаагийн газар, 16 хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар, таван хэргийг Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс шалгаж шийдвэрлэсэн байна.
Осол, хэргийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол 21.9 хувиар буурч, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7.3 хувиар өссөн байна.
Мөн алба хаагчдаас гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар нийт 347 мянган гаруй зөрчлийг илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4200 зөрчлийг илрүүлэн, үүнээс 461 зөрчилд нь шүүхээр баривчлах шийтгэл оногдуулан ажиллажээ.
Энэ онд шинээр 14 аймгийн нутаг дэвсгэрт 16 байнгын пост барих ажлыг холбогдох байгууллага, албадтай хамтран эхлүүлжээ.
Мөн замын зохион байгуулалт, хяналтын чиглэлээр Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн 239 км авто зам, 2500 автомашины зогсоолын үзлэг шалгалтыг хийж, замын тэмдэг, тэмдэглэл, замын нөхцөл байдлыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа ажлуудын талаар саналаа холбогдох газруудад хүргүүлж хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа аж.
Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, Улаанбаатар-Дархан 239 км авто замыг шинэчлэх ажил хийгдэхтэй холбогдуулан зам хаах, нөөц зам гаргах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар холбогдох байгууллагуудад өгч, өргөтгөл шинэчлэлтийн ажил ирэх сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байгаа юм байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн тууш замыг гүйцэтгэгч байгууллагууд ирэх долдугаар сард ашиглалтад авахаар төлөвлөжээ.
Түүнчлэн энэ долоо хоногт Нийслэлийн Цагдаагийн газрын даргын жолооч зам тээврийн осол хийж, хүний амь нас хохироосон хэрэг гарсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан “Нийслэлийн Цагдаагийн газрын дарга бөгөөд Цагдаагийн газрын дэд даргын жолооч зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэрэгт дуудлага ирсэн даруйд Тээрийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн үзлэг хийсэн. Холбогдох материалыг Мөрдөн байцаах газрын тусгай субъект шалгадаг албанд нь шилжүүлэн шалгагдаж байгаа” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)