УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн холбооны улсад айлчлал хийсэн бүрэлдэхүүнд багтсан Т.Аюурсайхан гишүүн Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дарга асан С.Баярцогтын оффшор бүс дэх банкны дансны хуулгыг авчирсан тухайгаа мэдэгдсэн билээ.
Уг асуудалтай холбогдуулан С.Баярцогт тайлбар хийсэн юм. Тэрбээр “Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн зүйл ярих боломжгүй. Монгол Улсын төрийн байгууллага, хууль хүчний байгууллагууд Швейцарийн холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний хийсэн ажил мэтээр ойлгуулж, тайлбарлаж байна. Нөгөө талдаа Швейцарийн холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлэх болов уу гэж төрд ажиллаж байсан хүний хувьд бодож байна. 2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд, 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой энэ хэргийг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар орсон байна, үүнийг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улс төрчдийн болон Швейцарийн тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, Швейцарийн талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарийн талд данстай холбоотой мэдээллүүдийг болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч гэдэг асуудлыг тавьсан юм билээ. Швейцарийн холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ. Энэ хэрэг нь албан тушаал, авлига, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан. Дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн байсан. Энэ нь Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх, эсэх асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн. Үүний дараа холбогдох банк, данс нээгдсэн банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Би ч тухайн үед швейцарь өмгөөлөгч авсан. Банк болон гэрчүүдээс мэдүүлэг авах бүх хугацаанд миний өмгөөлөгчийг байлцуулсан. Энэ бүх материалыг Монгол руу явуулах Швейцарийн холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарийн холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах боломжтой ч бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т 2019 оны нэгдүгээр сарын 11-нд өгсөн. Гэхдээ өмнө нь би энэ бүх мэдээллийг АТГ-т өгч байсан ч надад итгэхгүй, өөрсдөө Швейцарийн талын хуулийн байгууллагаар дамжуулж авахыг хүссэн байх.
Миний ойлгосноор УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы баатарлаг үйлсийн талаар бодоход дипломат шууданг задалж уншсан, эсвэл шуудан дамжуулж байгаа хүн нь энд ийм материал байгаа гэж тайлбарласан байх гэж бодож байгаа юм. Швейцарийн тал ямар нэгэн улс төрчид, тэмцэгчдэд өгөх боломжгүй бөгөөд хуулийн байгууллага шалгаж, хуулийн байгууллага шалгасны дараа мэдээллээ өгнө. Дипломат шууданг маш сайн нууцалж, дипломат паспорттай хүнд өгөх ёстой байдаг.
2017 оны дөрөвдүгээр сард Швейцарийн банканд манай хуулийнхан хандсан. Гэхдээ Швейцарийн банк Монголын банк санхүүгийн байгууллагын хүсэлтээр юм уу, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний хүссэн зоргоор мэдээлэл гаргаж өгдөг газар биш. Өөрийн улсын иргэддээ ч хатуу байр суурьнаас ханддаг. АТГ-ын байцаагч Ганзориг гэдэг хүн надтай холбогдох 104 хуудас материал бүрдүүлж, Швейцарийн талд өгсөн юм билээ. Үүнийг нь Швейцарийн прокрор хянаж үзээд “Наад шугмаараа шалгуул” гэсэн хариуг өгсөн гэсэн.
Үүнийг би өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдсэн. Би дансны хуулгаа авах хүсэлтээ Швейцарийн талд өөрөө гаргасан. Үүнийгээ аваад АТГ-д өгсөн. АТГ-аас одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна. Т.Аюурсайхан гишүүний ярьсан зүйл нь уг нь хоёр сарын өмнөх асуудал. Өөрөөр хэлбэл, хоёр сарын өмнө АТГ-д ирсэн мэдээлэл гэсэн үг. Гэтэл Т.Аюурсайхан гишүүн өөрөө авчирсан мэтээр ярих нь ёс зүйгүй үйлдэл юм” гэлээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Таны нэр дээр долларын гурав, еврогийн гурван данс байсан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн хэлсэн. Үнэхээр тийм данс байсан уу. Яаж мэдсэн юм бол?
-Дахин хэлье. Байгууллагын болон хувь хүний нууц гэж байдаг. Тэрийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хоёрдугаарт, дансны хувьд олон мэт харагдаж байгаа байх. Хятад явах гэж байгаа бол бид төгрөгийн дансны хажуугаар юанийн данс нээдэг. Хэрэв европ руу явах гэж байгаа бол еврогоор гүйлгээ хийх учир еврогийн данс нээж таарна. Тиймээс данс нь олон юм шиг харагдаад байгаа юм. Хэрэгтэй холбоотой детал зүйлс ярихгүй. Хамгийн гол нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд хийгээд УИХ-ын даргыгаа хүртэл оролцуулан байж буруу мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ хуулийн хүрээнд хийх ёстой юм.
-Т.Аюурсайхан гишүүний авч ирсэн гээд байгаа баримт нь таны үзүүлсэн баримттай яг ижилхэн үү?
-Яг л үүний нэг хувилбар нь. Дипломат шуудангаар ирсэн зүйлийг АТГ л задлахг ёстой. Түүнээс хэн нэгэн хүн задлах ямар ч үндэслэл байхгүй.
-Тантай холбоотой оффшор дансны асуудлыг явуулахад Ц.Мөнх-Оргил гишүүн сайд байхдаа замаас нь задлаад уншдаг байсан гэж Т.Аюурсайхан гишүүн ярьсан байна лээ?
-Тэгж ярьсан учраас би баталгаажуулж байгаа юм. 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд АТГ руу, хоёр сарын дараа прокурор Швейцарийн холбооны улс руу албан бичиг явуулсан. Швейцарийн холбооны улсад хоёр сар болсон юм билээ. Яагаад хоёр сар болсон бэ гэхээр материалыг нь Герман хэл рүү орчуулсан юм байна лээ. Манай консул “Энэ дотор тийм материал байгаа шүү” гэж хэлснийг нь Т.Аюурсайхан гишүүн өөрөө их мэдээлэлтэй хүн болох гэж эсвэл өөрөө хөөцөлдөж ирсэн мэт харагдах гэсэн юм болов уу гэж бодож байгаа. Маш амархан үгүй гэдэг нь батлагдана.
С.Сүл
Сэтгэгдэл (16)