Өнгөрсөн сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Хан-уул дүүргийн XI дүгээр хороонд байрлах KFC-Зайсан салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн юм. Мөн хоёрдугаар сарын 8-аас 15-ны хооронд тус газраар үйлчлүүлсэн 116 иргэнд ижил шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан байдаг.
Тиймээс тус газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон бөгөөд 39 бүтээгдэхүүнээс дээж, шинжилгээ авсан байдаг. Тэгвэл шинжилгээний эцсийн хариу гарчээ.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням “Тухайн газрын хэрэглэж байсан түүхий эд, бүтээгдэхүүн зэргээс лабораторийн шинжилгээ авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын төв лаборатори, НМХГ-ын төв лаборатори, Улсын мал эмнэлгийн төв лаборатори, АШУИС-ийн төв лабораториудад шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу энэ сарын 14-нд эцэслэгдэж гарсан. Шинжилгээг үндэслэн НМХГ-аас ХӨСҮТ-тэй хамтран дүгнэлт гаргасан. Тодруулбал, шигел SPH илэрсэн. Энэ нь нян нь хоол хүнсээр дамжиж, халдварт өвчин үүсгэдэг. Энэ бүхэн нь өвчтөнүүдэд илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг болон лабораторийн шинжилгээ тогтоогдсон” гэж танилцууллаа.
Хэргийг нэхэн сануулбал, “KFC” түргэн хоолны газрын 12 сүлжээ нийслэлд газар үйл ажиллагаа явуулдаг байна. Хоолны хордлого гарсан KFC-Зайсан салбараас гадна бусад 11 салбарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Хяналт, шалгалтаар зарим салбаруудад ашиглаж байсан ундааны хугацаа дууссан, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй зэрэг нийт 64 зөрчил илэрчээ.
Мөн дөрвөн салбарыг дөрвөн сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Харин хоолны хордлого гарсан KFC-Зайсан салбарын үйл ажиллагааг прокурорын дүгнэлтээр түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3, 6.15.2 заалтыг үндэслэн 14 сая төгрөгөөр торгох, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогийг хураажээ.
Түүнчлэн эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн зардал, бусад хохирлыг барагдуулах зорилгоор 49 сая 407 мянган төгрөгийг барагдуулах арга хэмжээ авсан байна. Мөн сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг 31.1 кг амталсан болон амтлаагүй мах, бэлэн бүтээглэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авчээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)