Оффшор байтугай банкны тухай мэдэгдэхүүн хомс байсан үед бүтээсэн киногоор нь дамжин барууны соёл бидний ой тоонд хадагдаж явсан цаг “саяхан”. Саяхан гэдгийг зориуд хашилтад хийсэн нь өдгөө монголчууд банкны тухай өмнөхөөсөө илүү ойлголттой бас мэдлэгтэй болж байна. Бидний ой тоонд сууснаар, үзэж асан барууны кинонд өгүүлдгээр Швейцарийн банкны тухай дүрс эхлэл, өрнөл, төгсгөлдөө хэсэгхэн хугацаанд дурдаад өнгөрдөг. Энэ нь кинондоо чимэг нэмэх, найруулагч бүрийн оюун санаасаас төрсөн өнгөцхөн өгүүлэмж биш юм. Харин аль ч улсын Засгийн газар, эрх барих байгууллагаас албан бичиг явуулж хандсан харилцагчийнхаа мэдээллийг чанд нууцалдаг нь Швейцарийн банк гэдгийг киногоороо дамжуулан дурдаж байгаа хэрэг. Нэг үгээр шаардлага хангасан бол хэн ч, хаанаас ч тус банкны харилцагч болж мэдээллээ нууцлах эрхтэй гэсэн үг. Үүгээрээ Швейцарийн банк дэлхийд алдартай. Дэлхий нийт улс орон бүгдээрээ ч үнийг хүлээн зөвшөөрдөг. Тийм атал нэгэн хачирхалтай гэмээр үйл явдал болж өнгөрөв.
УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарийн холбооны улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монголын зарим түшээ өөрийнхөө эрх ашгийн хүрээнд өнөөх Швейцарийн банкаар популимз хийхээ урьтал болгож орхив. Магадгүй энэ нь парламентын шинэхэн спикер Г.Занданшатар түүний даргалах парламентын үйл ажиллагааг үлдсэн хугацаанд нь олон улсад бүдгэрүүлж мэдэхээр хэмжээнд хүргэв. Хэнгэрэгийн дохиур нь гишүүн Т.Аюурсайхан. Улс төрд хөл тавьснаасаа эхлээд улс төрийн ууган хүчин намынхаа төдийгүй төрийн бодлогыг сөрж явсан тэрбээр энэ удаад өөрийгөө гэхээсээ УИХ-ын даргаа хөөдөв. УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсныхаа хүрээнд Швейцарийн холбооны улсаас Монголын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа үгүйсгэчихлээ.
Энэ тухайгаа тэрбээр ““Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой” хэмээн мэдээлэв. Мөн “Удахгүй С.Баярын дансны мэдээллийг авна” хэмээв. Түүнийхээр манай УИХ-ын аль нэг гишүүн Швейцарийг зорьж очоод С.Баярцогттой холбоотой мэдээллийг авчих байжээ. Харин үүнд нь УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр очих хүч нэмсэн гэлтэй. Энд С.Баярцогттой холбоотой асуудлыг шүүж дэнслэх гэсэнгүй. Харин Монголын парламентын гишүүн нууцлалаараа хэнийг ч халдаадаггүй, дэлхийн тэргүүлэх хэмжээний банкнаас хувь хүнтэй холбоотой баримтуудыг нэгд нэгэндгүй гаргуулан авч, өөрийн улсын хууль хяналтын байгууллагадаа хүлээлгэн өгсөн тухай жигтэй гэмээр хачирхалтай үйл явдлын тухай дурдах гэсэн юм.
Уг нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа удирдлагын албан айчлалыг ингэж хувийн амбийц болгох нь аль ч талдаа халтай, дипломат ёсонд нийцэхгүй гэдгийг түүнийг бүрдүүлж байгаа хүний хувьд эрхбиш мэдэж л баймаар.
Эрхэм гишүүний өгүүлснээр УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар болон дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд тийш зориогүй бололтой. Харин Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчнээр УИХ-ын даргын айлчлал зөвхөн С.Баярцогтын дансны хуулгыг авах зорилгоор явсан мэт. Ийм ойлголтыг Т.Аюурсайхан гишүүн төрүүлж, сурталчилсан болохоор тэр шүү дээ. Ингэснээрээ тэрбээр Монгол гэлтгүй өөр нэгэн улсын парламентын гишүүн Швейцарийг зориод хардлага төрүүлсэн хүн бүрийнхээ дансны хуулгыг банкнаас нь портерийн тэвш байтугай онгоцоор дүүртэл нь зөөж болох нь гэх ойлголтыг төрүүлчихлээ.
Угтаа тэр бол өдгөөгийн УИХ-ын даргыг МАН-ын генсек байхад нь “Шинэчлэлийн хороо” гээчийг байгуулж, намын байрныхаа урд гэр хүртэл барьж тэмцэж байлаа шүү дээ. Харин гаднаас нь шударга ёсны төлөө тэмцэл өрнүүлсэн түүний зорилго гишүүн болсных нь дараа байндаа тусахаас илүүтэй хил дамнан популизм хийхэд хүргэлээ. Цаг цагаараа байдаггүй гэж энэ ажээ. Магадгүй их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэсэн үгийн тайлал энэ байж болох.
Монгол Улс засаглалын гурван салаа мөчиртэй. Тэдгээр нь хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагыг бүрдүүлж байгаа, эд эс нь болсон Т.Аюурсайхан гишүүний С.Баярцогт хэмээх хувь хүнтэй холбогдсон мэдэгдэл нь парламентын спикерийнхээ айлчлалыг муухай харагдуулаад зогсохгүй хууль хяналтынхаа байгууллагыг үгүйсгэсэн явдал байв. Тэгээд ч албан айлчлалаар явж байгаа төрийн өндөр албан тушаалтны бүрэлдэхүүний хүрээнд хувь хүнтэй холбоотой дансны мэдээллийг Швейцарийн банк гаргаж өгөх нь юу л бол, тэрэн шиг үлгэр байхгүй болов уу.
Намын байрнаас Төрийн ордон, түүнээс Төв талбай хүртэл өрнөсөн Т.Аюурсайхан гишүүний популизм ямартай ч Швейцарийн банкны нэр хүндийг энэ хэдэн өдрүүдэд шалаар нэг хөглөрүүлсэн нь энэ байв.
С.Гандөл
Сэтгэгдэл (58)