ЭШЛЭЛ 1
Намайг 13 тэрбум төгрөг идсэн гэх хэрэгт ялласан. Тухайн үед “Оргүй хоосон худал зүйл дээр арай ч дээ” гэж бодож байсан. Ядаж Дээд шүүх дээр очоод няцаагдах байх гэж бодсон. Гэвч тав хоног хуралдсан шүүх хурлаар юу болж өнгөрснийг ард түмэн харсан шүү дээ.
ЭШЛЭЛ 2.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход байнгын дарамтад байлгадаг байсан.
ЭШЛЭЛ 3.
Л.Гансүхийг онилсны учир нь шийдвэр гаргах эрхгүй, мөнгөнд гарын үсэг зурах мэдэлгүй албан тушаалтан байсан юм. Ц.Элбэгдорж үүгээр юу харуулсан гэхээр “Ийм эрх мэдэлгүй Л.Гансүхийг шоронд оруулж байхад та нөхөд яршиг шүү. Гишүүд ээ, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгахад та нар зүгээр кнопоо дараарай” гэсэн сануулга байсан юм.
ЭШЛЭЛ 4.
Ингэснээрээ тэр нэгдүгээрт, хүчтэй гэдгээ харуулах гэж оролдсон хэрэг. Хоёрдугаарт, туслах нь ийм хэрэгт холбогдож байхад Н.Алтанхуяг мөнгө идсэн л байж таараа гэсэн мессежийг олон нийтэд өгөх зорилготой байсан. Үүндээ ч хүрсэн.
ЭШЛЭЛ 5.
АТГ-аас Л.Гансүх 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс идсэн нь аудитаар тогтоогдсон гэж хэвлэлийн бага хурлаараа мэдэгдсэн. Үүнийг наадмын өмнөхөн мэдээллэсэн. Учир нь наадмаар хүмүүсийг ярих юмтай болгох гэж байхгүй юу.
ЭШЛЭЛ 6.
Энэ бол 2015 оны үе. Удалгүй намайг яллагдагчаар татсан тул Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав дээр очсон. Тэгэхэд “Чи хэрэг хийгээгүй. Гэхдээ хэрэг үүсгээд шалгах үүрэгтэй” гэж хэлээд арын өрөө рүүгээ сэмхэн дохисон.
ЭШЛЭЛ 7.
Арын өрөөндөө ороод юм ярих гэж байгаа юм байна гэж бодсон чинь суултуурынхаа усыг гоожуулаад ингэж хэлсэн. “Чи Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой тохиролцуулахаас өөр аргагүй ээ, Л.Гансүх ээ” гэсэн. Юу тохиролцуулах юм гэхэд “Н.Алтанхуягт очиж хэл л дээ” гэхээр нь “Чи тэгээд ус гойжуулдаг нь яадаг юм” гэхэд “Б.Хурц намайг чагнаад байгаа юм аа” гэсэн.
ЭШЛЭЛ 8.
Улсын Ерөнхий Прокуророо АТГ-ын гүйцэтгэх ажил хариуцсан дарга нь чагнаж байна шүү дээ. Уг нь Ерөнхий прокурор тухайн хүнд үг дуугүй эрүү үүсгээд явах ёстой биз дээ. Гэтэл хэний визээр түүнийг Б.Хурц чагнаж байна гэхээр Ц.Элбэгдорж шүү дээ.
ЭШЛЭЛ 9.
Д.Дорлигжавын хэлснийг Н.Алтанхуягт очиж хэлсэн. Тэгэхэд “Ц.Элбэгдорж Тавантолгой, Оюутолгойд дээр юм шаардаж байгаа” гэсэн. “Тэр нь тэгээд тийм чухал юм уу” гэхэд “Маш чухал. Хэрэв үүнийг нь хийвэл чи бид хоёр түүхэнд их муугаар бичигдэнэ” гэж хэлсэн.
ЭШЛЭЛ 10.
Өөрөөр хэлбэл, АТГ Ц.Элбэгдоржийн шууд удирдлагаар Ерөнхий прокурорыг чагнадаг байгууллага байсан. Яагаад ийм юм болсон гэхээр прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг хуулийн бүх байгууллагыг барьдаг байгууллага болгочихсон байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр бүх зүйлийг атгаж байсан гэсэн үг.
ЭШЛЭЛ 11.
2015 оны долдугаар сард наадмын дараа Д.Золжаргал байцаагч “Та яаралтай хүрээд ирээч. Гарын үсэг зуруулаад л болоо” гэж хэлсэн. Яваад очтол хоёр сар баривчлах тогтоол уншсан. Тухайн үед шүүх, прокурорын ялласан ямар ч дүгнэлт байгаагүй. “Тогтоол нь удахгүй ирнэ” гэсэн. Тэгэхээр “Тогтоолоо авчирах хүртэл чинь би явж байя” гэхэд явуулаагүй.
ЭШЛЭЛ 12.
Тиймээс бие засна гэж хэлээд гүйчихсэн. Гүйж явахдаа УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяатай тааралдсан. Гишүүн баривчлах тогтоолоо гаргаад ир гэсэн. Мэдээж тэдэнд байгаагүй л дээ. Б.Мөнхтуяа гишүүн намайг авч явах гээд зууралдаж байсан хүнийг загнаж зогсох хооронд цаанаас нь УИХ-ын гишүүн А.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү хоёр ирсэн. Удалгүй хойноос бөөн хүн гүйж ирээд намайг аваад явсан.
ЭШЛЭЛ 13.
Очмогцоо намайг паарнаас гавласан. Д.Золжаргал шүүхийн бичиг авчирах хүртэл буюу 12.00-18.00 цаг хүртэл гавтай байлгасан. Д.Золжаргалыг ирсний дараа миний өмгөөлөгчийг дуудаж уулзуулсан. Уг нь миний өмгөөлөгчийг 16.00 цагт ирээрэй гэж хэлсэн юм билээ. Гэтэл цагаасаа өмнө ирчихсэн учраас байхгүй гээд гүрийгээд байж. Д.Золжаргал шүүхийн тогтоолоо 16.00 цаг гэхэд аваад ирнэ гээд төлөвлөчихсөн байж л дээ.
ЭШЛЭЛ 14.
Шүүхийн бичигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл, 166 зүйлийн мөнгө угаасан, 263.2 төрийн албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэж дурдсан гээд хоёр сар ачсан.
ЭШЛЭЛ 15.
Яагаад долдугаар сарын 29-ний өдөр ачих гээд дайрсан гэхээр аравдугаар сарын 1-ний өдөр чуулган эхэлдэг. Харин чуулган эхлэхэд Л.Гансүх дахин хоригдлоо гэж шуугиан тарих гэж байсан хэрэг. Эд нар бүх юмыг төлөвлөчихсөн байдаг юм.
ЭШЛЭЛ 16.
Тухайлбал, Н.Алтанхуягийг огцрохын өмнөх өдөр прокурорууд суулгаж байгаад түүнийг 13 тэрбум төгрөг идсэн нь нотлогдлоо гэж хэлсэн. Түүнчлэн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг хамруулна гэж байгаа юм. Гэтэл тухайн үед би улс төрийн албан тушаалтан гэж явсан шүү дээ.
ЭШЛЭЛ 17.
Шударга бусын хонгил гэх зүйлийг АТГ, прокурор, шүүх зэрэг схемээр хийдэг юм билээ. Ингэхдээ олзолж авсан хүмүүсээрээ дамжуулж хийдэг. Олзлоно гэдэг нь албан тушаалд шунасан, но-той хүмүүсийг нээтэглэж хийлгэдэг.
ЭШЛЭЛ 18.
Намайг шүүх хурлаас өмнө эхлээд 10 хоног шоронд хорьсон. Энэ үед УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөрийн хүү, шүүгч Идэрийн ах буюу прокурор Х.Тамир хоригдож байсан. Х.Тамир намайг дуудсанаа “Л.Гансүхээ намайг энд хэлмэгдүүлж байна. Замын-Үүд рүү найзтайгаа явж байхад замд намайг баривчилсан. Намайг энд оруулсны дараа таны хэргийг миний дүүд өгсөн байна. Дүү маань уг нь амралтаа авч Хөвсгөл явах гэж байсан юм” гээд миний өмгөөлөгчтэй уулзахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийг ахаар нь барьцаалсан хэрэг болсон. Би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд ороод ирэхийн хооронд Х.Тамирыг эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн байсан. Уулзуулахгүй гэж тэр шүү дээ.
ЭШЛЭЛ 19.
Хоёр хоногийн дараа түүнтэй таараад асуутал “Одоохондоо энэ талаар хэлж болохгүй. Асуудалд орох юм шиг байна. Дараа хэлье” гэсэн. Тэр үед энэ залуу ерөөсөө л барьцаалагдчихсан залуу юм байна гэдгийг мэдсэн. Шүүгч Х.Идэр нь надад холбогдох хэргийг шүүхэн анхан шатны шүүгч байсан.
ЭШЛЭЛ 20.
Шударга бусын хонгилын эзэн АТГ, шүүх, прокурор дээр хэд хэдэн хүн зоодог. Тухайлбал, АТГ дээр Д.Золжаргал гэж Н.Алтанхуягийг хариуцсан хүн бий. Түүнд хүргэн Дэнзэн, охин, дүү, эхнэрийнх нь хэрэг бүгд байдаг. Мөн төлөвлөгөө батлаад орж ирсэн хүмүүс бүгд хонгилоор явах учраас тэд ямар ч хамаагүй хэргийг хайр найргүй зохиомлоор нялзаадаг.
ЭШЛЭЛ 21.
Жишээлбэл, энэ бүх процессын дараа Б.Хурц ТЕГ-ын дарга, Цагдаагийн даргаар Ш.Энхтөр, Э.Амарбат нь прокурорын хорих ангиуд хариуцсан газрын даргаар дэвшсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бол нохойн баас шүү дээ. Өмгөөлөгч уулзахаар очихоороо “Чамайг АТГ-аас битгий оруул” гэсэн гэдэг. АТГ бүх зүйлийг мэдэж байна. Уг нь хуулиараа бол АТГ шүүхийн шийдвэрт нөлөөлөх ёсгүй шүү дээ.
ЭШЛЭЛ 22.
Надад магадлан хийлгүй гурван сар болсон. Магадлан хийе гэхээр прокуророос буцаагддаг байсан. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Таны захиалгаар томилдог АТГ, шүүхийн мафийн өгсөн ялыг чинь би эдлээд дуусчихсан” гэж захидал явуулсан. Гэтэл маргааш нь прокурор ирсэн. Тэрбээр “Би уг нь гурав дахь удаагаа ч бол таныг явуулчихмаар л байна. Гэхдээ таны захиаг шүүх дээр бариад очихоор шүүх таныг суллахгүй шүү дээ. Тиймээс та шүүхэд уучлал гуйсан захидал биччих” гэсэн.
ЭШЛЭЛ 23.
Тэгснээ Ц.Элбэгдорж гэж хаяглуулсан. Би уучлал хүсч байна гэж бичсэн. Мөн Прокурор “та гэмшиж байна гээд биччих” гэсэн. Би бичсэн. Гэтэл өнөөх захидлыг минь Л.Гансүх өөрийн хийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн гэмшсэн тул суллах шийдвэрийг шүүх рүү өгсөн гэж олон нийтэд мэдээлсэн.
ЭШЛЭЛ 24.
Тухайн үед манай гэр бүлийн хүн хорт хавдартай байсан учраас “Хурдхан гарч асрах юмсан. Эмчлүүлэх юмсан” л гэж бодож суусан. Жинхэнэ амьдын там гэгч нь байсан учраас дээрх уучлал хүссэн захидлыг бичсэн.
Сэтгэгдэл (144)