УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын дарга асан М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байхад Т.Аюурсайхан гишүүн өөрийг нь тагнаж, чагнаж байна. Бүр зарим нотлох баримтыг машинаар зөөж, жалганд аваачин шатааж байна гэх ноцтой мэдэгдэл хийсэн удаатай. Тэрбээр намрын чуулганы үеэр “Бидний тэмцэл бол зөвхөн УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал биш. Сүүлийн 20 гаруй жил бүрэлдэн тогтсон тогтолцоог нураахад чиглэсэн хөдөлгөөн. Энд олон жилийн зорилго бий. Тухайлбал, Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэг орд газрыг эзэмшихийн төлөө том систем бий болсон байна. Системийг нураахын төлөө бид зориглож явж байна. Олон нийт үүнийг ойлгох хэрэгтэй. Урдаа яваа хэсэг нөхдийг харлуулж гүтгэхийн тулд хуулийн байгууллагад шургуулсан гар хөлөөрөө дамжуулж “Ямар ч хамаагүй “но” ол” гэдэг үүргийг өгсөн байна. Үүнд бүх албан хаагчдыг хамруулаагүй шүү. Тэнд эх орноо гээд тангарагтаа үнэнч, мэргэжилдээ сайн олон албан хаагч бий.
УИХ-ын гишүүн миний гэрт төхөөрөмж суурилуулсан асуудал хүртэл бий. Үүнийг би хэлчихье. Энэ асуудлыг системд өөрчлөлт хийхгүйгээр, зорьсон реформоо хийхгүйгээр ил болгож чадахгүй байна. Учрыг нь та ойлгож байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа бид комисс ажиллуулах болно. Зөвхөн байнгын хорооноос биш Аюулгүй байдлын байнгын хорооны хурал жижигдэх байх. Тэгэхгүй бол үүнийг дийлэхгүй. УИХ-ын дараагийн даргын захирамжаар комисс ажиллуулна гэж бодож байгаа. Хүсвэл та тэр комисст орж болно. Би хуулийн байгууллагын хууль бус улс төрийн зорилготой ажиллагааг ил болгоно. Гүйцэтгэх ажиллагааг улстөрчдийн захиалгаар хийдэг, бие биенийхээ барьцаанд ордог. Энэ бүхнийг шалгаж тогтоож болно гэдгийг та мэдэж байгаа. Бүгд холбогдох тогтоолтойгоор хийгдэг ажил. Зарим нь тогтоолтой, зарим нь тогтоолгүй. Маш олон нотлох баримтыг хуулийн байгууллагын гар, хөл нь жалганд очиж саяхан шатаасан. Үүнийг ил болгоно. Энд та хамтарч ажиллаарай. Үүний дараа маш том хариуцлага яригдана. Хуулийн байгууллагыг улстөрчдийн нөлөөнд автдаггүй болгох ёстой. Бие биенийгээ барьцаалдаггүй болгох хэрэгтэй. Яагаад барьцаалдаг гэхээр дараа нь дахиж хулгай хийхийн тулд барьцаалдаг явдал бий. Үүнийг хуулийн байгууллагын реформоор таслан зогсоох ёстой. Хариуцлага тооцох ёстой. Улстөрчдийн гар, хөлөөс хуулийн байгууллагыг ангид болгох ёстой. Хуулийн өөрчлөлт байна уу, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт байна уу. Энэ бүгдийг хийж байж хуулийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийг ёстой” гэсэн юм.
Энэ үеэр түүнээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Маш ноцтой мэдэгдэл хийж байна. Үүнийгээ нотлох ёстой гэж ойлгож байна. Үнэхээр ноцтой байгаа учир шаардлагатай бол дэмжинэ. Гүтгэж байгаа бол хэцүү. Тиймээс Т.Аюурсайхан гишүүн та “Тусгай төхөөрөмж тавигдсан, ямар ч хамаагүй аргаар Эрүүгийн хэрэг үүсгэ гэж захиалсан, машин машин нотлох баримт устгасан хүн хэн бэ гэдгийг нь хэлчих. Би тэр хүнтэй чинь ил тод, илэн далангүй, өмөөрч хамгаалаад явъя” гэхэд Т.Аюурсайхан гишүүн “Энэ асуудлуудыг УИХ-аас байгуулагдах тусгай комиссын шалгалтын үр дүнд ил болгоно. Энд итгэлтэй байна. Огт эргэлзэхгүй байна. Хэн нэгнийг гүтгэхгүй. Ер нь бол нэлээн зориг, зүрх гаргаж явж байгаа. Яг өнөөдрийн тогтолцооны үед үүнийг дэвшүүлэх арай болоогүй байна. Бүх зүйл ээлж дараатай. Хэрвээ асуудал байсан бол аль хэдийн барьж, хорихоор болсон. Би амьдрал ахуйгаа хөлс хөдөлмөрөөр босгосон хүн. Тиймээс зоригтой яваа. Харин тэр эздүүд бүгд нэр устай, хаанаас хайж, яаж олохоо бид мэдэж байгаа. Хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, гүтгэхгүй. Хамгийн гол үүнийг хэн нэгний захиалгаар бус, хэн нэгэн улстөрчид давуу байдал олгох бус. Тогтолцоог өөрчлөх асуудал бий гэдгийг өнөөдрийн түвшинд, энэ цаг үед би танд хэлье” хэмээн хариулсан юм.
Ийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахын асуудлыг хэлэлцэх үеэр ноцтой мэдэгдэл хийсэн юм. Тэгвэл тэрбээр хууль хүчний байгууллагад хандсан уу. Яагаад ийм ноцтой мэдэгдэл хийнгүүтээ усанд унасан чулуу шиг энэ талаар дахин дурссангүй вэ. Түүн шиг чигчийн чинээ асуудлыг уулын чинээ болгож сүр бадраадаг хүн өөрийнх нь эрх зөрчигдсөн гэх асуудалд ийм тайван хандана гэж үү. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан талаар нь түүнээс тодруулсан юм.
-Та намрын чуулганы үеэр өөрийг тань тагнаж, чагнасан гэж мэдэгдсэн. Хуулийн байгууллагад хандаж, шалгуулсан уу?
-Энэ асуудлыг бид хуулийн тодорхой байгууллагуудын тогтолцоог өөрчлөх, реформ хийх замаар ил болгох зорилт тавьж, дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бид УИХ-ын даргыг өөрчилснөөс өөр зүйл хийж чадаагүй байна. Миний мэдээллэсэн зүйл бол зөвхөн ганцхан л асуудал. Үүнтэй ижил төстэй маш олон мэдээлэл бий. Иргэдээс олон өргөдөл гомдол ирсэн. Улс төрийн зорилгоор тагнаж, чагнадаг. Түүнийгээ улс төрийн зорилгоор ашигладаг. Үүнийг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Муу муухай зүйл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг хүн” гэж хэлсэн. Тэр хүн мэддэг юм бол яагаад үүргээ гүйцэтгэж хуульч, шүүхийн байгууллагаар шалгаж, шүүхээр шийдвэрлэх алхмыг хийхгүй байна вэ. Үүнийг яагаад улс төрийн зорилгоор ашиглаж хуулийн байгууллагуудыг ийм болж хувиргасан юм бэ. Энэ бол нэг л байгууллагын жишээ. Үүнээс өөр хэд хэдэн байгууллага бий. Энэ бүгдийн тогтолцоог өөрчилж, реформыг шинэчлэсний дараагаар хийхгүй бол яг энэ тогтолцооны үед зарим мэдээллийг ил болгох нь төдийлөн үр дүнд хүрэхгүй.
Түүний эл хариултаас үзвэл түүнийг тагнаж, чагнасан гэх асуудалд эрхэм гишүүн их тайван хандаж буй бололтой юм. Хэрвээ түүний энэ мэдэгдэл үнэн бол улс төр, хууль хүчний байгууллага дундаа орсон эс бөгөөс улстөрчдийн халаасанд хууль хүчнийхэн орсон, нөгөөтээгүүр хууль хүчнийхэн улстөрчдийг шантаажилдаг гэсэн гурван хувилбар дэвшүүлж болохоор байна. Аль нь ч бай, хамаагүй. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хэн нэгнийг тагнаж чагнах нь хууль бус үйлдэл. Гэхдээ Т.Аюурсайхан гишүүний мэдэгдэл үнэн бол шүү дээ. Хэрвээ үнэн болбоос хуулийн байгууллагад шалгуулах эрх түүнд бий. Харин худлаа болбол попордог гишүүн гэдгээ батлаад зогсохгүй Монголын мянга, мянган төрийн албан хаагчдаас уучлалт гуйх шаардлагатай юм. Т.Аюурсайхан гишүүн попорчин уу, эсвэл үнэний золиос уу.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (7)