Баримт 1.
Өнгөрсөн УИХ-ын Намрын чуулган 31 өдөр хуралджээ. Үүнд хамгийн ирц сайтайгаар Б.Билэгт гишүүн тодорсон байна. Тэрбээр чуулганыг ганц ч өдөр таслаагүй гэнэ.
Баримт 2.
Тэгвэл эсрэгээрээ хамгийн ирц багатай гишүүнээр Б.Бат-Эрдэнэ тодров. Аварга маань намрын чуулганы хуралдаанд ердөө 14 удаа иржээ.
Баримт 3.
Намрын чуулганы хугацаанд хамгийн олон удаа гадаадад томилолтоор ажилласан гишүүн бол Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар. Цогтоо гишүүн чуулганы хуралдааны үеэр зургаан удаа гадаадад томилолттой байжээ.
Баримт 4.
Намрын чуулганы хугацаанд орон нутагт хамгийн олон ажилласан гишүүнээр Ж.Бат-Эрдэнэ тодорч байна. Тэрбээр нийт есөн удаа орон нутагт ажиллажээ.
Баримт 5.
Намрын чуулганы хугацаанд хамгийн олон чөлөө авсан гишүүнээр Б.Наранхүү тодорлоо. Тэрбээр нийт долоон удаа чөлөө авсан байна.
Баримт 6.
Намрын чуулганы хугацаанд эмчийн чөлөөний хуудас хамгийн олон авсан гишүүн бол Б.Бат-Эрдэнэ байна.
Баримт 7.
Намрын чуулганы ирцийн бүртгэлд хамгийн олон ороогүй гишүүнээр Ж.Ганбаатар тодорсон байна.
Баримт 8.
Намрын чуулганд хамгийн олон удаа үг хэлсэн гишүүнээр О.Баасанхүү тодорсон бөгөөд тэрбээр нийт 46 удаа үг хэлжээ.
Баримт 9.
Харин хамгийн үг бага хэлсэн гишүүнээр Х.Баделхан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Г.Солтан, Д.Сумъяабазар, Д.Цогтбаатар нар орсон бөгөөд тэд огт үг хэлээгүй байна.
Баримт 10.
Намрын чуулганд хамгийн урт хугацаанд ярьсан гишүүн бол О.Баасанхүү юм. Тэрбээр нийт 195 минут ярьжээ.
Баримт 11.
О.Баасанхүү гишүүн ингээд зогсохгүй хамгийн их асуулт тавьсан гишүүнээр тодорлоо. Тэрбээр нийт 69 удаа асуулт асуусан байна.
Баримт 12.
УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх боломжтой хууль баталсан нь намрын чуулганаар баталсан хуулийн хамгийн хамгийн нь байлаа.
Баримт 13.
Намрын чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо 17 удаа хуралдахад УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Лүндээжанцан хамгийн олон удаа оролцжээ.
Баримт 14.
Намрын чуулганы хугацаанд хамгийн олон хууль санаачилсан, УИХ-ын тогтоолын тоогоор Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар оржээ.
Баримт 15.
Намрын чуулганы хамгийн хөгжилтэй гишүүнээр “маргаангүй” М.Билэгт тодорлоо. Учир нь түүний “шодоргос, айдас хүйдэс, жигдрэх юмандаа байгаа байх” гэсэн үг нь сошиал ертөнцөд олны инээдийг барж, хамгийн олон хандалт авсан байдаг.
Баримт 16.
Намрын чуулганы түүхэнд гишүүд хамгийн олон нэр хоч авсан нь энэ удаагийнх байлаа. “Шүдгүй арслан”, “ишиг”, “гарын таван хуруу”, “75 үхрийн эвэрнүүд” гэхчлэн нэр хоч нь хамгийн олонд орж байна.
Баримт 17.
Мөн хамгийн гүргэр улс төрч нь М.Энхболд гишүүн болов. Түүний албан тушаалтайгаа удаан зууралдсан хугацааг мэдэхгүй хүн бараг байхгүй.
Баримт 18.
Хуулиас давсан хамгийн эрх мэдэлтэй гишүүн бол М.Оюунчимэг. Түүнд ийн “өргөмжлөл” өгсөн эзэн нь мэдээж сошиалд идэвхитэй иргэд. М.Оюунчимэг гишүүн намрын чуулганы хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурорыг зад загнасан бичлэг нь фэйсбүүкт далайн түрлэг мэт давалгайлсан.
Баримт 19.
Хамгийн “ёндотой” гишүүнээр Л.Оюун-Эрдэнэ тодорч байна. Учир нь тэрбээр “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, шударга ёсны төлөөх тэмцэл нь үр дүнд хүрч бас болоогүй ЗГХЭГ-ын даргын сэнтийд заларсан байдаг.
Баримт 20.
Намрын чуулганыг хамгийн олон бойкотлосон гишүүнээр Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар билээ. Тэд ийн олон хоногоор чуулганыг бойкотлосон нь УИХ-ын чуулганы түүхэнд өмнө гарч байгаагүй тоо юм.
Баримт 21.
Хамгийн баярхуу гишүүнээр Б.Наранхүүг онцолж байна. Учир нь түүний төрсөн дүү ЖДҮ-гээс зээл авсан бөгөөд зээлээ төлөх эсэхийг нь тодруулахад "Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Бас дүүдээ "Хоёр тэрбум төгрөг өгнө. Наад төсөл чинь хэрэгжээд жилдээ 2-3 тэрбум төгрөгийг Монгол Улсад оруулж ирэх юм байна. Тиймээс ах нь дэмжье. Хүүгүй өгнө өө" гээд бардам зан гаргана лээ.
Баримт 22.
Энэ Намрын чуулганы хугацаанд хамгийн бага хугацаанд сайдын алба хашисан гишүүнээр Я.Содбаатар тодорсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар аравдугаар сарын 5-нд Зам тээвэр хөгжлийн сайдаар томилогдож хоёрдугаар сарын 1-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Баримт 23.
УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх боломжтой хууль баталсан нь намрын чуулганаар баталсан хуулийн хамгийн хамгийн нь байлаа.
Баримт 24.
УИХ-ын даргыг огцруулах процесс нь “хамгийн хамгийн”-ы шилдэг нь гэхэд хилсдэхгүй. Учир нь экс спикерийг сандалаас нь буулгах олон өрнөл нь УИХ-ын Намрын чуулганы түүхэнд гарч байгаагүй олон сонин содон үзэгдлээр бид бүхнийгээ гайхшруулсан юм.
Сэтгэгдэл (5)