Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгууллаа. Тус баярт Баян-Өлгий аймгаас 14-88 насны 20 бүргэдчин ирсэн бөгөөд тэдний 17 нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байсан юм.
Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүссэн бөгөөд үүнийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон нь Монгол Улс юм. Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.
Баярын эхэнд, үндэсний хувцсаараа гоёсон бүргэдчид гаршуулсан бүргэдээ шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтойгоо жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг. Үүний дараа бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээн явуулдаг. Ингэхдээ, уулын орой дахь бүргэдээ уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ хамгийн хурдан таньж, шуун дээр нь ирж суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулдаг.
Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхин, бүргэдийн агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анч байдлыг сорьдог ч жуулчдын хүсэлтээс хамааран сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн энэ баярын үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомыг үзүүлэхээс гадна казахын зан заншил, ахуй соёлтой нь танилцах боломжтой юм.
Ингээд энэ жилийн бүргэдийн баярыг 24 “фото”-гоор дүрслэе.