Цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч Л.Бямбаа амь насаа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Талийгаачийн амь насаа алдсан хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ талаар прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнээс өөрөөр мэдээллэх боломжгүй гэдэг тайлбар өгөв.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал “2019 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр 00.15 минутанд Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа амь насаа алдсан талаарх дуудлагыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субъектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагааг бүх талаас нь хийж байгааг онцоллоо. Мөн цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан бөгөөд үүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв.
Талийгаачийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон бөгөөд одоогоор дүгнэлт гараагүй байгаа аж. Түүнчлэн уг хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Мөн АТГ, ШШГЕГ-ын эрх бүхий алба хаагчид хууль зөрчсөн, талийгаачийг эрүүдэн шүүсэн, ажлын хариуцлага алдсан гэх асуудлаар энэ хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн цагдаагийн хурандаа Т.Баатар хэллээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)