Улстөрчдийн ёс зүйгүй, хууль бус үйлдэл олны нүднээ ил болохын хэрээр иргэдийн бухимдал дээд цэгт хүрэх болсон. Тэгвэл үүнийг овжиноор ашиглах бүлэглэлүүд гарч ирэх болсон юм. Наанадаж л “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”, “Нэхүүл” зэрэг хөдөлгөөнийг иргэд мартаагүй болов уу. Тэд шударга ёсны төлөө тэмцэнэ хэмээсэн ч үнэн хэрэгтээ эрх мэдэлд хүрэх хэн нэгний хөшүүрэг л байсан.
Мөн “МАНАН-ын эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг энд нэрлэхгүй өнгөрч болохгүй болов уу. Шударга ёсны төлөө, албан тушаал, эрх мэдлээс ангид байж, ард түмэнтэйгээ хамт хэмээн хашгирч байсан өнөөдүүл маань өнөөдөр эрх мэдэл, сандал суудлын төлөө ард түмнийг овжиноор ашигласан болох нь бас л илчлэгдсэн. Тухайлбал, сандал суудлын зай завсар гарангуут энийгээ ч дарга болгоно гээд гүйлдэж эхэлсэн. Тиймдээ ч иргэд шударга ёсыг “хожих” бус эрх мэдэлтнүүд “сандал суудал” хожсон юм.
Тэгвэл дээрх хоёр хөдөлгөөнтэй цаад зорилго агаар нэг гээд хэлчихэд гэмгүй нэгэн хөдөлгөөн шинээр байгуулагдсанаа энэ долоо хоногт зарлав. Энэ бол “Хэвтүүл” хэмээх шинэ хөдөлгөөн. Сүрдмээр нэр байгаа биз. Монгол хэлний их тайлбар тольд “Хэвтүүл” гэдэг нь шөнийн манаа, харуул, эргүүл гэсэн утгатай үг хэмээжээ. Чингис хааны үед “хэвтүүл” хэмээгч хааны албатууд байсан гэдэг. Тэд шөнийн цагт хааны өргөө ордыг хамгаалах үүрэгтэй албатыг ийн нэрлэдэг байж. Гэвч энэ хэвтүүл хэний албат, хэний төлөө эрх ашгаа нэгтгэж байна вэ гэдэг асуулт эндээс ургаж гарч ирнэ.
Тэд ЖДҮ-г эсэргүүцэж гуравдугаар сарын 2-нд Сүхбаатарын талбайд жагсахаар болсноо мэдэгдлээ. ЖДҮ-гийн эсрэг дуугарч, тэмцэл хийх гэж буй нь үнэхээр сайн. Гэхдээ тэд ЖДҮ-гийн эсрэг ард түмний төлөөлөл мөн эсэх нь бас л эргэлзээтэй.
Ийн өгүүлэхийн учир нь “Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир нь 2012 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байв. Тухайн үед одоогийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ХАХНХ-ын сайдаар ажиллаж байсныг уншигчид мартаагүй байх. Э.Тамирын талаар “Ил засаг” сайтад 1987-1990 онд Чехословак Улсад Техник мэргэжлийн сургууль, 1994-1996 онд Орхон дээд сургууль, 2000-2001 онд Төрийн удирдлагын академийг дүүргэсэн. Харин ажлын туршлагын хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Комит сервис” ХХК-ийн ерөнхий захирал, Япон Улсын “Коматцу” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер, “Коматцу” компанийн захирал, “Женко” ХХК-ний салбарын дарга” хэмээн өгүүлжээ.
Харин уг хөдөлгөөний гишүүн М.Хүдэрбаатарыг улс төрд танихгүй хүн цөөн биз ээ. Тэрбээр АН-ын “Алтан гадас” франкцын гишүүн байв. Гэхдээ Н.Алтанхуяг намын дарга өгөхтэй зэрэгцээд С.Эрдэнийн “Шонхор” руу шунган одсон билээ. Энэ үйлдэл нь гэхэд л түүнийг урваж шарвахдаа гаргуун гэдгийг гэрчилдэг. Тэрбээр 1977 онд төрсөн. 2007 онд Токио хотын Метрополитан их сургууль төгссөн гэж намтартаа мэдүүлдэг, 2010 онд Удирдлагын академи удирдахуйн ухааны магистр, 2012 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Харин ажилласан туршлагын хувьд 2002-2004 онд Япон Улсад худалдааны салбарт, 2004-2007 онд Кабей жуулчны компанид Монголыг хариуцсан менежер, 2007 онд “МЖММ” ХХК-ийн ерөнхий захирал, 2008 оноос одоог хүртэл “Хутагт” группийн ерөнхий захирлын албыг хашсан туршлагатай гэдгээ 2012 онд Хэнтий аймгаас УИХ-д өрсөлдөхдөө намтартаа өгүүлжээ. Тэрбээр хэнтийчүүдийн эртнээс дээдлэн шүтэж ирсэн Өндөр хан уулыг тахиж, хүндэтгэл үзүүлэхдээ 999 ул боовоор идээ зассан. Энэ үйлдлээ тэрбээр ЮНЕСКО-д бүртгүүлнэ хэмээсэн бол иргэд “Тахилгаас илүү энэ үйл явдлыг зохион байгуулсан гэж ЮНЕСКО-д бүртгүүлж, алдар хүнд олох нь түүнд чухал байгаа. Аминчхан үзэлтэй, хувиа хичээсэн нөхөр” хэмээн дүгнэсэн. “Хэвтүүл” гэгч хөдөлгөөний бүрэлдэхүүний талаар товч өгүүлэхэд ийм байна.
Эндээс үзвэл Их хааны шөнийн манаан нэрийг зээлдсэн энэ цагийн “Хэвтүүл”-ийн цаад эзэн нь С.Эрдэнэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Ингэснээр УИХ-ын даргын суудлыг фракцдаа авах гэж МАН-ын дарга “Нэхүүл”-тэй болсон бол, АН-ын дарга ч юу дутах вэ хэмээн “Хэвтүүл”-тэй болоодохлоо. Харин “Хэвтүүл”-үүдийн эцсийн зорилго нь ЖДҮ ч биш, С.Эрдэнийг хамгаалах байж мэдэх л юм даа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (27)