УИХ-ын нэр бүхий таван гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан "Монгол Зэс" ХХК өөрийн эзэмшлийн хувиа Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан эсэх талаарх асуулт тавьсны хариутай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэр бүхий таван гишүүн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүдийн асуултын хариуг албан тоотоор ирүүлсэн.
Монголын зэс ХХК-ийн зүгээс гишүүдийг үндэслэлгүй мэдээлэл тараасан, гүтгэсэн гэсэн. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монголын зэс ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Ингэхдээ нийт хувьцаагаа Сингапур улсад бүртгэлтэй Эрдэнэт корп PTI лимитэд компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичгийг хүргүүлсэн. Сингапурт бүртгэлтэй компанийн эзэмшигч нь мөн иргэн Ц.Пүрэвтүвшин юм.
Уг материалд 112 тэрбум нэг сая төгргөөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг үнэлэн, худалдахаар заасан байсан. Гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг авсан баримт ч бий. Энэ мэдээллийг бид олон нийтэд ил болгосны дараа дээрх шилжүүлэх гэрээг УБЕГ-аас хүчингүй болгосон байна лээ" гэв.
Р.Хишиг
Сэтгэгдэл (5)