Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад авах арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр “Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргасан. Үүнд Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон сан багтаж байна.
Зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн.
Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээсэн гэв”
Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан юм.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн зөрчил нь тендер зохион байгуулахтай холбоотой асуудал. 2014-2015 онд тус бүр найман тэрбум төгрөг тавиад элеватор худалдан авах тендер зарлагдсан боловч 5.2 тэрбум төгрөгийн өртэй Дарханы гурил тэжээл компанийг шалгаруулсан. Тэр элеватор нь чанарын шаардлага хангахгүй учир өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байгаа.
Бага оврын трактор 44 тэрбум төгрөгөөр авсан боловч үүнээс хугацаа хэтэрсэн зээлийг үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна. Зээлийн төлөгдөхгүй байгаа шалтгааныг судлаж үзэхэд 2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар өгсөн эсвэл бүртгэлтэй утасны дугаар нь зөрчилтэй, барьцаа хөрөнгөгүйгээр олгогдсон зэрэг зөрчил илэрсэн.
Мөн улаанбуудайн урамшуулал олгох журам 2012 оноос хойш хүчингүй болсон байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хүчингүй болсон журмаар улаанбуудайн урамшуулал олгосоор ирсэн" гэлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (3)