Баримт 1.
“Буян”-гийн Жагаа буюу Базарсадын Жаргалсайхан нь 1959 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Эцэг, эхээсээ тавуулаа, айлын дундах хүү. Нийслэлийн арван жилийн 23 дугаар дунд сургуулийг 1977 онд төгсч, улмаар ЗХУ-ийн Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд Сансарын физикч мэргэжлийг эзэмшсэн.
Баримт 2.
Тэрбээр 1982-1984 онд “Говь”" ХХК-д ажилтан,1984-1988 онд хувиараа бизнес эрхлэгч,1988-1989 онд “Буян” хоршооны захирал,1989-2004 онд “Буян” компанийн захирал,2004 оноос УИХ-ын гишүүн,2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан туршлагатай.
Баримт 3.
Б.Жаргалсайхан нь хятадаас 10 төгрөгөөр худалдаж авсан багаагаа Орост 1000-аар, Сингапураас 2000 ам.доллароор худалдаж авсан видео камераа хятадуудад 4000 ам.доллараар зарах зэргээр өөрийн хөрөнгөө аривжуулсан гэдэг.
Баримт 4.
Тэрбээр “Буян” компанийхаа үндэс суурийг 1987 онд тавьсан бөгөөд анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон гэдэг.
Баримт 5.
Шинэ үндсэн хуульт Монгол Улсын анхны саятан нь Б.Жаргалсайхан байсан гэгддэг. Тэрбээр “Ардчилсан хувьсгал эхлэх үед үсээ үхэр долоочихсон юм шиг болтол нь самначихсан амьтан Монголд ирж байлаа. Тухайн үед 600-700 мянган ам.доллар халааслаж ирэхэд Ц.Элбэгдорж, Баавараас эхлээд бүгдээрээ сураггүй гарууд байв. Нус нь гоожихсон, том хар бакаль углаж, уранхай хар пальто өмссөн юмнууд л байсан. Машин авч өгөхөөс эхлээд санхүүжүүлсэн. Гэтэл хэдэн үеэрээ баян байсан юм шиг худлаа бурах хэрэггүй л дээ” гэсэн удаатай.
Баримт 6.
Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан тэрбээр хэзээний л хэдэр, ёдор аашаараа олонд танигдсан. Бүр компанийнхаа ажилчдад цалин олгохдоо гэр ахуйн бараа шахдаг байсан тухай яриа бий. Үүнд нь ажилчид дургүйцвэл “Та нарт мөнгө ямар хэрэгтэй юм бэ. Цалингаа аваад хятадын бараа худалдаж авна биз дээ. Үүнийхээ оронд надаас худалдаж ав. Үгүй бол зайл” гэж сүрдүүлдэг байсан гэх.
Баримт 7.
Түүний эл үйлдэл гаарсаар хяналтаас гарсан учир ажилчид нь ажлаасаа гарах нь олширсон байна. “Буян”-гийн Жагаагийн бизнес өнөөг хүртэл “ТОП” аж ахуйн жагсаалтад орж чаддаггүйн шалтгааныг үүнийг гэх хүмүүс ч бий.
Баримт 8.
АН-ын гишүүн байсан тэрбээр өрх тусгаарлаж, Бүгд найрамдах намаа байгуулж, өөрөө даргаар нь заларсан юм.
Баримт 9.
Тойргынхоо сонгогчдийг цуглуулах бүртээ “ажилгүй, арчаагүй, анхиагүй”-гээр нь дууддаг учир иргэд үүнд нь ихэд дургүйцдэг байв. Ийм байдал удаа дараа давтагдсан болоод тэр үү, түүний уулзалтад очсон хүмүүс сэтгэл дундуур гарах нь олон. Харин 2012 оноос түүний эл зан гэнэт өөрчлөгдөж, уулзалтад ирсэн хүмүүстэйгээ мааз яриа өрнүүлэх, ажилгүй, анхиагүй байгааг нь хошин байдлаар илэрхийлдэг болсон юм. Түүнийг хатуу яахир зангаас хөгжилтэй дүрд шилжиж, зүсээ хувилгасан нь улс төрийн нөхцөл байдлаас улбаатай гэж хардах хүмүүс бий.
Баримт 10.
Тэрбээр 2004 оны сонгуулийн үеэр Толгойтод цугларсан сонгогчдоо мөн л аашилж, загнасан юм. Ажилгүй, арчаагүй амьтад гэж хэлснийх нь төлөө нэгэн залуу түүн рүү юм шидэхэд Б.Жаргалсайхан золтой л оногдчихоогүй. Эл үйлдлийнх нь хариуд Жаргалсайхан хар хувцастай бие хамгаалагч бахим залуусаараа өнөөх залууг хүч хэрэглэн баривчлуулсан юм. Тэгэхэд цугласан иргэд уурлаж, бухимдан үймээн гарсан учир Б.Жаргалсайхан арга буюу тэндээс явахаас өөр аргагүй болсон юм.
Баримт 11.
Тэрбээр “Монголын хөрөнгөтний нам”-ыг байгуулж, хоёр ч сонгуульд өрсөлдсөн бөгөөд амжилт олоогүй учир С.Зориг агсаны байгуулсан “Бүгд найрамдах нам”-ын С.Оюунтай нэгдэн ИЗ-БНН болгон өөрчилж сонгуульд өрсөлдсөн байдаг. Улмаар тэдний нэгдэл сонгуулиас өмнө задарч, Бүгд найрамдах нам дангаар өрсөлдсөнөөр, Б.Жаргалсайхан 15 жил улс төрд хөдөлмөрлөсөнийхээ үр дүнг үзэж, УИХ-ын гишүүн болсон
Баримт 12.
Үйлдвэр худалдааны сайдаар ажиллах ахархан хугацаандаа яам, Тамгын газар болон, харъяа агентлагын ажилчдын үйлийг нь үзсэн гэхэд болно. Учир нь долоо хоног бүр хийсэн ажлын тайлан шахаж шаардаж авах ёстой гэж дүрэм гаргасан нь төрийн мөнгийг бас л үрэлгэн зарах шалтгаан болсон юм. Учир нь тус яам нь бүтэц бүрэлдэхүүний хувьд томоохонд тооцогддог. Энэ хэрээрээ олон ажилтантай байв. Түүний эл шийдвэрийн харгайгаар агентлагуудын цаасны хэрэгцээ нэмэгдэж, төсөвт багагүй дарамт болсон гэх. Нөгөөтэйгүүр, авсан тайлан мэдээгээ шалгалгүйгээр нэг өрөөнд хураадаг, дэмий цаг үрсэн ажил хэмээн багагүй шүүмжилүүлсэн юм.
Баримт 13.
2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин 13.83 хувийн саналтайгаар өвдөг шороодсон.
Баримт 14.
“Буян”-гийн Жагаа өөрийгөө хүний өөрийн нийлсэн таван хүүхэдтэй хэмээн ам алдсан нь бий. Түүний анхны гэргийг Б.Энхтогтох гэдэг бөгөөд дизайнер мэргэжилтэй, “Буян” компанийн бүхий л ажлыг нугалдаг бүсгүй бий гэх. Тэрбээр олон жил нууцалсан анхны эхнэрээ “Танайд хоноё” нэвтрүүлгээр анх удаа олонд харуулсан юм. Харин дараагийн гэргий нь н.Сэлэнгэ хэмээх бүсгүй байдаг бөгөөд Холливудын жүжигчин Стиван Сигал Монголд айлчилж байх үеэр залуухан гэргийгээ дагуулж ирсэн аж. Харин удаах буюу гуравдах гэргий нь дуучин П.Өнөржаргал юм. Тэрбээр түүнд зургаа дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн гэдэг.
Баримт 15.
Түүнийг мөн орос эхнэрээс төрсөн хүү бий яриа гарсан. Бүр зураг хөрөг нь хүртэл цахим орчинд тархаж, хэвлэлийн нүүрийг чимсэн. Энэ талаарх мэдээллийг цухас танилцуулахад Б.Жагаа хойно сурч байхдаа нутгийн бүсгүйтэй жиг ургуулсан байна. Ингээд хайрын романсын үр шимд нэгэн хүү мэндэлсэн энэ ажээ.
Баримт 16.
“Буян”-гийн Жагаа “Eagle” телевизэд ярилцлага өгөхөөр очихдоо товлосон цагаасаа хоцорч улмаар студи чөлөөлж өгөхийг хүссэн сэтгүүлч рүү дайрч “Би чиний ажилтан юм уу, ална шүү гөлөг минь” хэмээсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байв. Түүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад танхайрч, бүдүүлэг авир гаргаж байсан хэд хэдэн удаагийн үйлдлийн нэг нь энэ. Өмнө нь өөрийнх нь ярилцлага нийтлэгдсэн “Монголын мэдээ” сонины хэвлэх, олон нийтэд түгээх явцад мөн л бүдүүлгээр саад учруулсан удаатай.
Баримт 17.
“Буян” үйлдвэртээ техник технологи худалдан авахаар 14 сая ам.доллар зээлсэн нь Марубени-гийн хэрэг болтлоо даамжирч, Монгол Улсын засгийн газар шүүхэд дуудагдах шалтгаан болсон. Харамсалтай нь эл хэрэг тэгс ингэс гээд чимээгүй болсон. Энэ завшааныг даимдуулаад түүнээс эл хэрэг юу болсон бэ гэдгийг асууя.
Баримт 18.
Түүнийг долдугаар сарын 1-ны бослого, тэмцлийг зохион байгуулж, ард түмнийг өдөөн турхирсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр “Ганц худаг”-т хорьж, байцааж байсан.
Баримт 19.
Цөөнгүй иргэд түүнийг “шударга” хэмээн өргөмжилдөг ч төрд шударгаар ажиллаж байсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Тодруулбал, тэрбээр Үйлдвэр худалдааны сайд байхдаа Тавантолгойн нүүрсний орд газраас 101 га газрын лицензийг “Дайцүки” ХХК-д олгосон нь тухайн үеийн Ашигт малтмалын шинэ хуультай зөрчилдөж байсан юм. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн соёл урлагийн шоу арга хэмжээнд зориулан гурван тэрбум төгрөгийг өөрийн “Буян” компанид ямар ч тендергүйгээр авсан тухай хэвлэлүүд шуугиж байв. Үүнээс гадна “Буян” компанийн зээлийн улмаас Монгол Улсын Засгийн газар Олон улсын шүүхэд өмгөөллийн хөлс 1.2 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд тус компани энэ мөнгийг эргүүлэн төлөөгүй гэгддэг.
Баримт 20.
Цагтаа Монголын хамгийн тансаг зочид буудлуудын нэг гэгдэж, төрийн томчууд үйлчлүүлдэг байсан “Хангай” зочид буудал нь “Буян”-гийн Жагаагийн өмч юм. Тэрбээр тус зочид буудлыг дуудлага худалдаагаар тухайн үеийн ханшаар 600 сая төгрөгөөр худалдаж авсан гэх бол өнөөдөр “Сүнстэй байшин” нэрээр олноо алдаршин үлджээ.
Баримт 21.
Тэрбээр дээрэнгүй харьцаатай гэдгээрээ алдартай. Нэг жишээ дурдахад, төрийн ордонд гадуур хувцастайгаа нэвтрэхээр нь хамгаалалтын албаныхан гадуур хувцсаа тайлахыг анхааруулсан байна. Гэтэл үүнд нь уурлаж, элдэв шуугиан тарьжээ. Төрийн ордны дөрвөн давхарт алхаж явсан Жагаа дарга “Ямар дээрэнгүй новш вэ. Зүгээр хэлчихгүй” хэмээн уцаарлан хэлсэн нь хэвлэлд гарсан нь бий.
Баримт 22.
Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр гадаа нь байсан бөгөөд хэд хэдэн цагдаагийн алба хаагчид руу дайрч, биед нь халдсан байдаг. Энэ тухай мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байв.
Баримт 23.
Тухайн үед “Буян”-гийн Жагаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмөөрлөө, сайн хүн байна гэж олон түмэн шуугисан. Гэвч үүнээс хэдхэн жилийн дараа буюу 2016 оны сонгуулийн үеэр “Тэтгэврийн хөгшид хөтлөлцөөд алхах юм. Сонгуульд өрсөлдөж яаана вэ. Ач зээгээ харж, өсгө. Н.Энхбаяр, Цолмон хоёрын улс төрийн дууссан. Залуу үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Ямар хэрэгтэй гэж ингэж явдаг байна аа” хэмээсэн нь бий.
Баримт 24.
Нэг хэсэг бараг л ах, дүү бололцох нь халгүй байсан Гүндалай, Жаргалсайхан хоёр нэг л мэдэхэд хонь, чоно болчихсон. Телевизийн хөтөлбөрийн үеэр Гүндалай хэн нь царайлаг вэ гэдгээ шалгаруулах гэж оролдсныхоо горонд Жаргалсайханы араанд зуугдсан. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулийн үеэр Гүндалайгийн эсрэг өрсөлдөхөөр “сүх” далайсан нь байдлыг улам хурцатгаад авсан юм.
Сэтгэгдэл (39)