Баримт 1.
“UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон гэдэг.
Баримт 2.
25 настайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесмений жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.
Баримт 3.
Бизнесийн талбарт шаггүй амжилтад хүрсэн түүний хувийн болон улс төрийн замнал тийм ч дардан байгаагүй. Тодруулбал, 2013 онд анхны эхнэрээсээ туурга тусгаарлаж, мисс Г.Гантуяатай дэр нэгтгэсэн нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Булганчуудад таалагдаагүй юм.
Баримт 4.
“UFC” группийг үүсгэн байгуулж, чацарганын шүүс, архиар “занималдах” болсон тэрбээр МАН-ын харъяатай ах нарыгаа дагаж “духан дээрээ улаан таван хошуутай” гарцаагүй МАН-ын хүн гэгдэж явсан ч нэг л өглөө АН-аас нэр дэвшиж олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байв.
Баримт 5.
Тэрбээр 2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авсан.
Баримт 6.
Ингээд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас өрсөлдсөн юм.
Баримт 7.
Түүнийг өрсөлдөх үед З.Энхболд О.Амартүвшинийг АН-аас Булганчуудад илгээх болсон шалтгаанаа Булган аймагтайгаа маш ойрхон байж, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний тэргүүний ажлыг хийдэг, Ардчилсан нам 1996 оноос хойш Булган аймагт өөрийн төлөөлөлгүй байсан учир түүнийг сонгохыг уриалж баахан рекламдсан ч тусыг эс олсон харамсалтай түүх бий.
Баримт 8.
2016 оны ээлжит сонгуулиар Булган аймагт АН ялагдсан шалтгааны нэг нь жижигхэн зүйлээр пи ар хийсэнтэй холбоотой гэх. Өөрөөр хэлбэл, нутгийнхаа “Булган хангай” дэвжээний бөхчүүдээр “Амар түвшин” дууг дуулуулсан нь олны тохуурхалыг хүргээд авсан. Дуучин бөхөөр улсын заан М.Өсөхбаяр, улсын начин И.Ёндонсамбуу, аймгийн арслан Ө.Сүхбат нар тодорч, тайзнаа морилсон бөгөөд ингэхдээ дууны агуулга нь нэр дэвшигч О.Амартүвшинд зориулагдсан пи арын дуу гэж Булганчуудад харагдсан юм. Тиймдээ ч арга ядарсан зүйлээр пи ар хийлээ гэж бас л зэмлүүлж байв.
Баримт 9.
Олон нийтийн санал асуулгаар “Хар жагсаалт” гээчийг батлах үед О.Амартүвшиний нэр дунд нь цохиж явсан. Яг ямар шалтгаанаар хар жагсаалтад багтсныг тухайн үед мэдэгдээгүй ч зарим эх сурвалжийн өгүүлснээр нам хооронд “биеэ үнэлж явдаг”, “барьцгүй нэгэн” гэх зэрэг шүүмжлэлд өртсөнтэй холбоотой гэх юм билээ.
Баримт 10.
Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулиас эхлээд МҮХАҮТ, бүр Бөхийн холбооны Ерөнхийлөгчид хүртэл хүч үзсэн нэгэн.
Баримт 11.
“Хар жагсаалт”-ад нэрээ сийлүүлэхээс өмнө “Төрд оруулж болохгүй хүмүүсийн жагсаалт гаргах тухай саналыг би дэмжиж байна” гэж өгүүлсэн удаатай. Тэгвэл “Хүссэн юм хүзүүгээр” гэгчээр ингэж хэлснээс жил хүрэхгүйн дараа өөрийнхөө нэрийг мөнхөлсөн нь энэ юм.
Баримт 12.
Тэрбээр 2014 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Б.Лхагважавт ганц саналаар ялагдсан юм.
Баримт 13.
Тэрбээр группийн Ерөнхийлөгчөөс гадна Булган аймгийн АН-ын нутгийн зөвлөлийн дарга, Булганхангай бөхийн дэвжээний тэргүүн зэрэг сонгуульт албыг хашдаг.
Баримт 14.
Өнгөрөгч 2018 онд Бөхийн холбоог хэн тэргүүлэх бэ гэсэн дуулиан олны анхаарлыг татсан. Уг үйл явдлыг нэхэн сануулбал, тамгаа өгөхгүй гэсэн талынхан хувцсаа тайлж нүцгэлсэн бол, тамга булааж авах гэсэн тал нь хаалга үүд өшиглөж, хэр таеквондочин бэ гэдгээ батлан харуулсан. Тэгвэл Бөхийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох эл сонгуульд мөн л “UFC” группийн Ерөнхийлөгч, “Булганхангай” дэвжээний тэргүүн О.Амартүвшин нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдснээр сандал ширээнд ямар дуртай нөхөр болохоо харуулсан юм.
Баримт 15.
“Улаанбаатар” хотын худалдааны танхим байгуулахад гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэвч ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй гэдэг яриа УЗ-ийн гишүүдийн дунд явдаг сурагтай.
Баримт 16.
Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны үед Азийн төв байгуулах зорилгоор байгуулагдаж байсан тус танхим өнөөдөр О.Амартүвшин захирлын өмнө нь ярьж, хэлж, амлаж байсан шиг ажил хийгдсэн зүйл харагдахгүй л байна.
Баримт 17.
Тэрбээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа “Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс огт урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй” гэсэн байна.
Баримт 18.
Мөн "Танхим олон жил үйл ажиллагаа явуулсан атлаа унтаа байдалд орчихсон. Гишүүдийнхээ сонирхлыг татахаа больчихсон. Магадгүй үйлдвэрчний эвлэлээс ч сул болчихлоо. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг ажил олгогчдын ажлын байранд гаргаж байгаа ажилтан албан хаагчдын эрх ашигтай холбоотой дуугардаг. Танхим үүнээс ч сул болчихлоо шүү дээ. Зарчмын хувьд үүнд шинэчлэл хийх нь үндсэн гол зорилго. Бизнесийн хамгийн хүчтэй байгууллага болгоё. Дуу хоолойгоо нэгтгэе. Чиг үүргийг нь бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг байгууллага болгох үүднээс өрсөлдөхөөр болсон" гэжээ.
Баримт 19.
Хэдийгээр тэрбээр ингэж хэлсэн ч МҮХАҮТ-ыг ийм байдалд оруулсан хүмүүсийн нэг нь яах аргагүй тэрбээр өөрөө юм. Тэрбээр өчигдөр ikon.mn сайтад өгсөн ярилцлагын үеэр тус танхимын төлөөлөн удирдах зөвлөлд найман жил ажилласан гэж ярьжээ. Тэгвэл найман жил танхимын УЗ-д суудал эзлэхдээ тэрбээр юу хийсэн бэ гэдэг асуултыг хамгийн түрүүнд түүнээс асуух нь зүйн хэрэг биз ээ.
Баримт 20.
О.Амартүвшингийн талаар сайн мэдээ олон ч, саар мэдээ цөөнгүй бий. Тэр дундаа мөнгө хөрөнгөтэй айлын хүүхдүүд хар тамхи, охид хүүхнүүдтэй нэр холбогдох нь түгээмэл. Тэгвэл түүний ууган хүү ч гэсэн энэ замналыг тойролгүй дайрч өнгөрсөн. Тодруулбал, “Бридж” группийн захирал Д.Ганхуягын охин Г.Номуундарийг хүчиндсэн хэрэгт ууган хүү А.Тэргэл холбогдож, багагүй дуулиан тарьсан юм. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй гэх зэрэг цөөнгүй шалтгаанаар дээрх хэрэг хаагдсан гэж тухайн үед мэдээлж байв.
Баримт 21.
Үндэсний манлай үйлдвэр тодотголтой "UFC" групп оюуны өмч “хулгайлсан” гэх хэрэгт бас л нэр холбогдоод авсан. Тодруулбал, шинэ бүтээгдэхүүнийхээ логонд нэгэн уран бүтээлчийн нэлээд хэдэн жилийн өмнө гаргаж байсан бүтээлийг хуулбарлан ашигласан гэх ярианд өртсөн нь бас л хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байв.
Баримт 22.
Хуулиар архи, согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон ч “архины” сурталчилгааны арга хэлбэр улам нарийссаар байгааг О.Амартүвшин батлан харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, чацаргана, архины үйлдвэрлэлийн бизнесээр гараагаа эхүүлсэн тэрбээр “Морьтой Чингис” бүтээгдэхүүн нь олон улсын чанарын шалгаруулалтаас шагнал авсан тухайгаа өдөр шөнөгүй телевиз, сониноор сурталчилсан. Дагаад борлуулалт нь суга өссөн гэх. Тухайн үед өрсөлдөгч байгууллагаас ингэж болох уу гэж өчнөөн асуусан боловч холбогдох байгууллагаас нь ямар ч арга хэмжээ аваагүй гэхээр О.Амартүвшин шаггүй зайтай бизнесмен юм шиг байгаа юм.
Баримт 23.
О.Амартүвшин нь "Шийвдэр гаргах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө дажгүй сайн гэж боддог. Энэ нь бизнес удирдлагын мэргэжил эзэмшсэн маань холбоотой байх. Олон хүчин зүйлийг тооцож, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь бизнесийн хамгийн чухал зүйл. Зөв стратегийг сонгоход анхаарч, энэ тал дээрээ түлхүү ажиллаж ирсэн. Ажил дээр судалгаа хийх шаардлага байнга гарч ирдэг. Судалгаа хийхдээ ч дуртай. Хүмүүс юу хүсэж байна, хандлага хаашаа явж байна, бид яах ёстой вэ гэдгийг бодож, анализ хийдэг" гэж өөрийгөө тодорхойлжээ.
Баримт 24.
Түүнчлэн "Танихгүй хүмүүст хаалттай, дотогшоо гэж харагддаг гэсэн. Гэхдээ танилцаад, ярилцаад, санал солилцоод ирэхээрээ тэдний санаа бодол өөрчлөгддөг. Таньдаг хүмүүсийнхээ дунд маш нээлттэй хүн. Ер нь хүмүүстэй санал солилцож, бодож явдаг зүйлсээ таниулж ойлгуулж явахыг хичээдэг юм" гэжээ.
Сэтгэгдэл (25)