“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.
2019 оны Оюутан цэрэг, цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолын дагуу зохион байгуулна. Монгол Улсын иргэн хуулийн дагуу цэргийн алба хаана гэж заасан байдаг. Мөн Оюутан цэрэг хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуульд тодорхой нэг хэлбэр болж орсон юм. Ингэснээр иргэд Үндсэн хуулиар заагдсан үүргийг биелүүлэхэд боломжийг нэмэгдүүлсэн” гэв.
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 5000 орчим оюутан суралцагчид хамрагджээ. Харин 2019 онд Оюун цэрэг хөтөлбөр зохион байгуулах ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаал гарч, уг тушаалын дагуу улсын хэмжээнд 1000 орчим оюутан суралцагчийг хамруулахаар тогтсон байна. Оюутан цэрэг хөтөлбөр 15 аймагт зохион байгуулагдах бөгөөд нийслэлийн их, дээд, коллежийн сургуулиас 700 орчим оюутан, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиас 350 орчим оюутан суралцагчийг хамруулах тушаал гарчээ.
Энэ удаагийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн ажлыг энэ сарын 27-оос ирэх сарын 7-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болжээ. Бүртгэлийн ажлын дараа эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт авахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, эрүүл мэндийн үзлэгийг ирэх сарын 21, 22-ны өдөр, бие бялдрын шалгалтыг ирэх сарын 23, 24 өдрүүдэд тус тус зохион байгуулах юм байна.
Оюутан цэрэг сургалтын Ерөнхий зохицуулагч, Монгол Улсын гавьяат багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав “Сургуулиуд дээр сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Үүний дараа цэргийн хэлтсүүдэд сонгон шалгаруулалт явагдана. Эрүүл мэнд, бие бялдрын шалгалтад тэнцсэн залуусыг дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 1-ний өдрийн хооронд нэгдсэн журмаар онолын бэлтгэл ажлыг зохион байгуулна. Онолын шалгалтад 60 хувиас дээш үнэлгээ авсан суралцагчдыг цэргийн мэргэжлийн бэлтгэл, сургалтад хамрагдах болзол хангана. Сургалтыг оюутан, залуусын хичээл сургалтаас хамааран амралтын өдрүүдэд явуулна. Онолын шалгалтад тэнцсэн суралцагчид зургадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 15 өдийг хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдана.
Онолоор үзсэн хичээлээ практик дээр хэрэгжүүлэх юм. Мөн цэргийн 11 бага мэргэжил эзэмшиж, шалгалт өгч тэнцсэнээр тангаргаа өргөнө” гэв.