Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэмний ирэнд өртсөн залуу улс төрчөөр С.Мөнхчулуун тодроод байна. Намын бодлого, шийдвэрийг дагалгүй эрх мэдлийн төлөө хотын даргын суудалд заалнаас нэр дэвшсэн хэмээх шүүмжлэлд өртсөн тэрбээр энэ зэргийн банга хүртэх нь дамжиггүй.
Гэвч НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч чадсан гэхээр магадгүй төлөөлөгчдийн загатнасан газарт нь маажсан болоод л ийм хэмжээний дэмжлэг авч чадсан болов уу. Хэдийгээр тэрбээр заалнаас нэр дэвшиж, хотын даргын сонгуульд ялсан ч Ерөнхий сайдын таалалд нийцээгүй юм. Таалалд нийцээгүй байдлаас нь харахад хотын даргад С.Мөнчулууныг бус харин өөрийн талын хүнээ томилох сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд батлан харуулсан. Ингээд зогсохгүй түүнийг намын бодлого шийдвэрийн эсрэг зогссон “эсэргүүн” хэмээн зарлаж, Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт холбоотой гэдгээр шалтаглан намаасаа хөөх шийдвэр гаргасан. Ийнхүү нөлөө бүхий залуу гишүүдээ намаасаа хөөж, хотын даргад өрсөлдүүлэхгүй байх багагүй арга хэмжээ авсан ч С.Мөнхчулуун тахимаа өгөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Харин өмнөх сонгуулиар өвдөг шороодсон С.Амарсайхан “Намын шийдвэрийг дагана. Өрсөлд гэвэл хүч үзнэ” гэв. Түүнд намын шийдвэрийг дагахаас өөр замгүй. Учир нь толгой мэдэж шийдвэр гаргавал У.Хүсэлсүхийн сэлэмний ирэнд өртөх учраас тэр. Хоёр дахь удаагийн сонгуулиар “заалны” С.Мөнхчулуун, “намын” С.Амарсайхан болон хотын даргыг орлогч Ж.Батбаясгалан зэрэг хүмүүс нэр дэвших нь бараг тодорхой болчихоод байна. Ямартай ч энэ долоо хоногт хотын захирагч тодорхой болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит бус хуралдаан энэ сарын 26-нд харин ээлжит хуралдааныг 28-ны өдөр хуралдуулахаар товлосон.
Хэрвээ эндээс С.Мөнхчулуун дахин сонгогдох аваас Ерөнхий сайд У.Хүрэлсүх эс хүссэн ч батламжлахаас өөр замгүй. Учир нь хуулиараа НИТХ-ын шийдвэрийг буцаах эрх Ерөнхий сайдад ганцхан удаа олгогддог болохоор тэр. Тиймээс л хуулиар олгогдсон эрхээ нэгэнт эдэлж, батламжлахаас татгалзаж, цаашлаад намаас хөөсөн болохоор үүнээс цааш зам үгүй.
Гэхдээ С.Мөнчулууны аз нь шовойж, төлөөлөгчдийн олонхийн саналыг дахин авч хотын даргад тодорвол магадгүй “дархлагдсан” дарга болж ч мэднэ. Өөрөөр хэлбэл, С.Мөнхчулуун НИТХ-ын шийдвэрээр дахин сонгогдвол магад хамгийн анхны бие даасан хотын дарга бөгөөд эрх баригч намаас хараат бус хотын дарга болох юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (28)