Гэр хорооллын 200-300 айлын дунд эхний ээлжид нэгдсэн нэг дэд бүтэцээр хангаж байна. Ингэснээр айл, өрхүүд цэвэр, бохир усны дэд бүтцийг хашаандаа татах боломжтой болох бөгөөд энэ хэрээрээ тав тухтай амьдралыг бүрдүүлэх боломжтой болох юм. Барилга, хот байгуулалтын яамнаас төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж, дахин шинээр барих гэж байна. "Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд гэр хороололд анх удаа цэвэрлэх байгууламж барьж байна. Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Сэлбэд "Дэд бүтцийн төв" ашиглалтанд орвол 300-400 айлуудын дэд бүтцийн асуудал шийдэгдэх юм байна. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэрэгжиж байгаа анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх тавдугаар сард бүрэн хүлээлгэж өгнө гэдгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ үеэр онцолсон юм. Тэрбээр “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол өнөөдөр тулгамдаж буй асуудал болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр БХБЯ, НЗДТГ хамтран инженерийн “Дэд бүтцийн төв”-ийг гэр хорооллын дундын бүс болох төвийн шугам очих боломжгүй айл, өрхүүдэд холбох ажлыг 2018 оноос эхлүүлсэн. Үүнд Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны айл өрхүүд төсөлд хамрагдана. Эхний ээлжинд төсөлд сонгогдсон Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт халуун, хүйтэн ус, дулаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдэх “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явж байна. Эхний ээлжинд айлуудаа дулаанд холбосон. Харин ирэх дөрөвдүгээр сарын 15-аас бохир, усаа өгөхөөр төлөвлөөд ажиллаж байна. Бид энэ хэсгийг “жишиг” хотхон болгох зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл авто зам, явган хүний, дугуйн зам, гэрэлтүүлэг, камержуулалт гээд тохижилтын ажлуудыг нь давхар шийдэж, хийж өгөх юм. Ирэх тавдугаар сард бид тохижилтын ажлыг бүрэн хийж, хүлээлгэж өгнө.
“Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Өнөөдөр нийтдээ төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаан, бохирт холбох ажлуудыг бүрэн хийгээд дууссан. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас шийдсэн. Харин айл, өрхүүдийн хувьд өөрсдөө ванн, душ, нойлийн суултуур, паар зэргээ шийдэх ёстой. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усаар бид жижиг хэмжээний цөөрөм хийх бодол байна. Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламжаас 99.9 хувийн цэвэршүүлсэн саарал ус гарах юм. Эдгээр ажлуудыг амжилттай гүйцэтгэхэд манай нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, БХБЯ-ны Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар ихээхэн дэмжлэг үзүүлж ажлын гүйцэтгэлийг хурдасгаж, иргэдийг зохион байгуулж, нэгтгэх тал дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон дүүргийн тамгын газар, хороон засаг дарга нар их сайн зохион байгуулж, ажиллалаа. Долдугаар хорооны энэ хэсэгт орц, гарцын асуудал их байсан. Яаралтай үед галын машин, түргэний машин орох боломж бага байсныг Чингэлтэй дүүрэгтэй нийлж газрыг дахин зохион байгуулж, орц гарцыг гаргаж өгсөн. Нийслэлийн хувьд 2019 оны төсөвт 20 тэрбум төгрөгийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн байгаа.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байна” гэлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (10)