"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар өнөөдөр мэдэгдлээ. Тэдний хэлснээр “УБТЗ ХНН”-ийн удирдлага тэр дундаа дарга Б.Жигжиднямаа төмөр замыг өргөж, засварладаг ВПРС гэх машиныг ОХУ-аас худалдаж авахдаа оффшор компаниараа дамжуулж мөнгө угаасан бололтой юм. Түүнчлэн “Мөнгө угаах зорилгоор ХХК үүсгэн байгуулж, хэрэгцээ нь дууссан үед татан буулгах замаар төмөр замд машин худалдаж авах ажлыг зохион байгуулсан. Жишээлбэл, ОХУ, Монголын Улсын стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан “УБТЗ ХНН”-ийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын үлдэгдэл болох хоёр сая ам.доллараар зам засварын машиныг худалдаж авах эрхийг УБТЗ-ийн Ерөнхий хороонд өгчээ.
2016 онд УБТЗ-аас олон улсын тендер зарласан боловч уг тендерийг хүчингүй болгосон байна. Шалтгаан нь оролцсон хоёр компанийн нэг нь болох Австри улсын Plasser&Theurer компани гурав сая орчим долларын буюу төсөвлөсөн мөнгөнөөс илүү үнийн дүнтэй санал тавьжээ. Харин нөгөө компани нь буюу Латви улсын компани. ВПРС машиныг үйлдвэрлэгч болох ОХУ-ын Киров хотын "Таван сарын нэгэн" нэртэй нэрэмжит үйлдвэр нь дампуурлаа зарлах нөхцөл үүссэн тул тус тендер хүчингүйд тооцогджээ.
Тухайн үед энэ компанийн хувьцаа эзэмшигч нарын нэг нь /Латви улсын давхар иргэншилтэй/ өөрийн мэдлийн ВПРС машиныг УБТЗ-д өгөх саналаа 2016 оноос илэрхийлж, УБТЗ-ын удирдлагуудтай удаа дараа уулзаж байжээ. Гэтэл 2016 онд Б.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болсоноор энэ асуудал замхарсан байна.
Дараа нь 1.2 сая долларын үнэтэй машиныг 1.7 сая доллараар худалдаж авсан байна. Ингэхдээ өөрийн орос найзын компаниар дамжуулж худалдаж аваад дараа нь өөрийн компанидаа шилжүүлжээ. Мөн 10 жилийн өмнө худалдаж авсан вагоноо худалдаж авсан үнээр нь засуулж байна” гэлээ. Мөн “ОХУ-аас актлагдсан 1000 вагоныг худалдаж аван мөнгө угаасан. Энэ мэтээр УБТЗ-ын дарга Б.Жигжиднямаа ил цагаан мөнгө угааж байхад хэн ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна” гэсэн юм.
МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хэлснээр “Манай холбооноос 2017 оны аравдугаар сарын 31-нд АТГ-д хандсан. Шалгаж байна гэснээс өөр хариу хэлэхгүй байна. Нийслэлийн прокурор Баярмагнай, Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд хандсан. Тодорхой баримтууд гаргаж өгсөн ч хоёр жилийн хугацаанд юу ч шийдэгдсэнгүй.
Оны өмнө УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа их хэмжээний мөнгөө татвараас нуусан гэж ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоогоод ажлаас нь халах санал өгч, хилээр гарахыг хориглсон. Гэтэл одоо ажлаа хийгээд явж л байна.
Б.Жигжиднямаа томилогдсон албан тушаалынхаа хугацаанд яаж ашиг мөнгө олохын төлөө л ажиллаж байна. Уг нь бол төмөр замын аюулгүй байдлыг хангая гэж санаа зовох ёстой хүн шүү дээ. Бид хууль хүчний байгууллагад хандсаар байгаад мухардалд орсон. Гэлээ ч чимээгүй суухгүй.
Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай Монгол Улсын хамгийн том компани. Энэ том байгууллагыг удирдан зохион байгуулдаг Ерөнхий хороо гэж бий. Монголын талаас гурав, ОХУ талаас гурав гишүүнтэй. Гэтэл Монголын талаас удирддаг гурван хүний нэг нь ч төмөр замын салбарын мэргэжилтэй хүн биш. Жаргал зовлонг нь ч мэддэггүй” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (10)