Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод хэдхэн хоногийн өмнө “Fazza-10” пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл тэмцээнтэй холбоотой мэдээллийг гавьяат тамирчин Э.Соднопилжээ өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн юм. Тэрээр 107 кг-ын жинд хэвтээ шахалтын 240 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртсэн бөгөөд энэ амилт нь түүний Дэлхийн цомоос авсан дөрөв дахь алтан медаль юм байна.
Мөн энэ жил хоёр ч ДАШТ-д оролцохоор төлөвлөж байгаа аж. Түүний хамгийн ихээр зорьж буй “Токио-2020” паралимпийн наадмын эрх олгох хугацаа нь ирэх оны гуравдугаар сар юм байна. Энэ хүртэл дэлхийн чансааны аравт багтаж чадвал оролцох боломжтой бөгөөд гавьяат Э.Содномпилжээ тус чансааг тэргүүлж байгаа гэж хэлэв.
Тэрээр дөрөвдүгээр сард Унгарт болох Европын цом, тавдугаар сард Египтэд болох ДАШТ, долдугаар сард Казахстаны Алмата хотод болох ДАШТ-д орохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)