KFC сүлжээ хоолны газрын хоолноос 16 иргэн хордож, улмаар ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Тус сүлжээ хоолны газрын салбарт Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт хийсэн байна. Ингэхдээ тухайн өдрүүдэд хэрэглэсэн 39 төрлийн хоолны дээж, 24 нэр төрлийн хүнсний түүхий эд, ундны усны хоёр дээж, агаарын таван сорьц, дөрвөн төрлийн ундаа зэргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын төв лабораторид шинжилжээ. Мөн “Зайсан дахь салбарт ХӨСҮТ-өөс шалгалт хийж, тус салбарын 28 ажилчнаас нян тээгч илрүүлэх шинжилгээ авч ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээнд өгсөн байна. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбарын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох саналыг прокурорт хүргүүлж, арга хэмжээ авсан байна. Ингээд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг хүргэе.
-Шинжилгээний хариу яагаад ингэж удаж гарч байгаа юм бэ. Техник технологи хөгжсөн энэ үед түргэн гаргаж болдоггүй юм уу?
-Шинжилгээг энэ сарын 12-ны 20.00 цагийн орчимд бүрэн авсан. Ингээд лабораторид өгсөн. Лабораторийн шинжилгээний хариу удаж гардаг. Тухайлбал, ХӨСҮТ-өөс өвчтөнгүүдээс авсан хариу албан ёсоор гараагүй байна. Цаг хугацаа хурдасгах боломж байхгүй. Шинжилгээний хариуд үндэслэн хоолны хордлого эсэхийг тогтооно.
-Бусад салбаруудын үйл ажиллагааг шалгаж байгаа юу?
-Тухайн хордлого юунаас болсныг тогтоогдоогүй тул бусад салбаруудад шалгалт хийгээгүй байна. Түүхий эдээс болсон эсэхийг мэдэхгүй. Хоёрдугаарт, ажилчдаас болсон байхыг үгүйсгэхгүй. Тухайн ажилчид ямар нэгэн байдлаар нян тээгч байсан байж болно. Түүнчлэн хэрэглэж байгаа ус эсвэл бусад тоног төхөөрөмжөөс болсон эсэхийг шалгаж байж бусад газруудыг шалгана.
-Өмнөх шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийгддэг. Зайсангийн KFC салбарт 2017 онд шалгаж байсан. Тухайн үед шалгалтаар бага эрсдэлтэй үнэлэгдсэн бол өнгөрсөн оны шалгалтаар дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
-Дунд эрсдэл гэж юуг ойлгох юм бэ?
-Тоног төхөөрөмжөөс эхлээд бүтээгдэхүүн зэргийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй үнэлэгдсэн. Дунд эрсдэлтэй гэдэг нь тухайн газарт ямар нэгэн зөрчил илэрвэл торгох, хугацаат даалгавар өгч зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээ авагддаг. Харин их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авдаг юм.
-Хордлого авсан тухайн хугацаанд хэчнээн хүн үйлчлүүлсэн байна вэ?
-Зайсангийн KFC салбарт энэ сарын 8-ны өдөр гэр бүлийн багц 28, андууд багц 24, давхар бургер багц зургаа, бургер сет нэг, давхар бургер сет нэг, твистер сет нэг, тахиа сет нэг, тендер сет нэгийг тус бүр захиалсан бөгөөд нийт 168 хүн үйлчлүүлсэн байна. Харин маргааш өдөр нь гэр бүлийн багц 31, андууд багц 30, давхар бургер багц 21, бургер сет 85, давхар бургер сет 107, твистер сет 14, тахиатай сет 27, тендер сет 37 буюу нийт 197 хүн үйлчлүүлсэн байна. Түүнчлэн энэ сарын 10-ны өдөр гэр бүлийн багц 26, андууд багц 34, давхар бургер ес, бургер сет 56, давхар бургер сет 50, твистер сет 22, тахиатай сет 26, тендер сет 24 буюу нийт 160 хүн салбарт үйлчлүүлсэн байна.
-Home plaza дахь салбарт дахин нэг иргэн хордлого авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ сарын 14-ны өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын 31005 тоот утсанд Home plaza дахь KFC-н салбараас нэг иргэн хоол авч идсэн. Гэтэл 2-3 хоног бөөлжиж, халуурсан гэсэн гомдол ирсэн. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох шалгалт хийж байгаа.
-Үйл ажиллагааг нь зогсоогоогүй юм уу?
-Хоёр буюу түүнээс дээш иргэн хордсон тохиолдолд хоолны хордлого гэж үздэг учраас үйл ажиллагааг нь зогсоох боломжгүй. Харин гомдлын дагуу шалгалтын ажил явагдаж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ийм мэдэгдэл хийсэн бол тус газрын дарга Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар 63 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 45 хүнд нь хордлогын шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 20 хүн бий. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийт 42 дээж авсан. Ирэх даваа гаригт эцсийн байдлаар юунаас болсон эсэх асуудал нь гарна. Урьдчилсан байдлаар гүний худаг дахь уснаас и-колле илэрсэн” гэв.
Ямартай ч KFC-н сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлогод орж, ХӨҮСТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бүхэл бүтэн олон арван хүн хордчихоод байхад KFC-ийн удирдлагууд ичээндээ бүгчихлээ. Иргэдийн эрүүл мэндийг хохироож, ард иргэдийг айдаст автуулсан хэргээсээ тэд уучлалт гуйх бизнесийн ёс зүй тэдэнд огт үгүй байлтай. Тиймдээ ч мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээхээр ийн бүгсэн нь KFC-ийн удирдлагууд ямархуу ёс зүйтэй хүмүүс болохыг бодитоор гэрчиллээ. Тиймээс бид энэ талаар нэхэн сурвалжлаж хүргэх болно.
Б.ЛХАМ
Сэтгэгдэл (1)