УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар МАНАН дэглэмээс төрийн гурван өндөрлөгт найман асуудлаар шаардлага тавьж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой гэж өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд ““МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс өнөөгийн нийгэмд үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд дараах шаардлагыг хүргүүлж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын нэр бүхий таван гишүүн МАНАН дэглэмийн эсрэг тэмцэж байна. Өчигдөр иргэний нийгмийн байгууллага иргэдтэй уулзаж, улмаар тэмцлээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор яаралтай зарлан хуралдуулж, улс төр, нийгэм, эдийн засагт тулгамдсан чухал шийдвэрүүдийг гаргая гэдэг шийдэлд хүрсэн. Энэ ч үүднээс найман асуудлыг томьёолсон шаардлагаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга болн Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах гурван субъект байдаг. Үүнд нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хүсэлт гаргаснаар ээлжит бус чуулган хуралдах эрх зүйн орчин бүрдэнэ. Хоёрдугаарт, УИХ-ын дарга санаачилснаар хуралдуулах боломжтой. Гуравдугаарт, УИХ-ын тодорхой тооны гишүүд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хүсэлт гаргах гэсэн гурван боломж бий.
Иргэд төр засгаас тодорхой хэдэн шийдвэрийг яаралтай гаргахыг хүсч байна. Тухайлбал, шударга ёсны асуудал дээр хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлийг шаардаж байгаа. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж авилга авсан, гэмт холбогдсон, төсвөөс хулгайлсан албан хаагчдыг яаралтай шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоож өгөхийг шаардаж байна. Тиймээс ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Ингэхдээ холбогдох албан тушаалтнуудыг чуулганп оруулцуулах хэрэгтэйг шаардлагадаа тусгасан” гэлээ.
Мөн тэрээр “Бид 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулж, шүүхэд шилжүүлж, хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж, байр сууриа илэрхийлж байна. МАНАН мафийн эсрэг тэмцэл М.Энхболдыг Г.Занданшатараар сольсноор зогсох ёсгүй. МАНАН мафийн эсрэг зөвхөн Л.Оюун-Эрдэнийг сайд болгосноор зогсох ёсгүй. Улам эрчимжиж, хүчээ авах ёстой. Монгол төрийг МАНАН мафиас салгахын тулд яаралтай зоримог шийдвэрийг гаргах шаардлагатай. Тиймээс ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг бид шаардаж байна” гэв.
Шаардлагад:
- Хууль бус аргаар хувьчилж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах УИХ-ын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. Мөн Стандарт банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх;
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, түүнчлэн уул уурхайн баялгийг зүй зохистой ашиглах, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх;
- МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шүүх, прокурор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг яаралтай огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх;
- Хөгжлийн банк болон төрийн нэрээр барьцаалж авсан их хэмжээний зээлийг эргүүлэн төлүүлэх, Монгол Улсад үр ашиггүй хийгдсэн концессийн гэрээг цуцлах, ЖДҮДС зэрэг нийт 26 санг шалгаж, шаардлагагүй, үрэлгэн сангуудыг татан буулгах, буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
- Монгол Улсын төрийн албыг худалдах, арилжаалах санаархал бүхий “60 тэрбум”-ын хэргээр Нийтийн сонсгол зохион байгуулж, холбогдох буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх;
- Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн бүх албан тушаалтныг Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу томилгооны сонсгол зохион байгуулж байж томилдог болох;
- Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн зохих хариуцлагыг тооцуулах. Мөн оффшортой холбоотой асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж, хууль бус хөрөнгийг эх орондоо эргүүлэн авчрах;
- С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар шинээр илэрсэн нөхцөл байдал, хэргийг хүний эрхийг зөрчин, хэлмэгдүүлж хууль бусаар шийдвэрлэсэн асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах, энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх” хэмээн тусгажээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (58)