Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр С.Батболд үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдсөн билээ. Үүнээс хойш нийслэл Улаанбаатар хот захирагчгүй 67 хоногийг өнгөрүүлээд байна. Уг нь сар шинийн өмнөхөн төрийн өндөр дээд удирдах албан тушаалтнууд сэнтийгээ эзэлсэн. Тодруулбал, УИХ-ын даргаар Г.Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг, Зам тээвэр хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан нар томилогдсоныг санаж буй биз ээ. Ийнхүү УИХ шинэ даргатай болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх засгаа бүрдүүлсэн ч өнөөг хэр нь хот “эзэнгүй ” байсаар л.
Уг нь НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар дэвшиж, санал хураалт явуулахад саналын тоо тэнцэж дахин санал хураасан. Санал хураалтад 43 төлөөлөгч оролцсоноос 55.8 хувийн саналаар заалнаас өөрийгөө нэр дэвшүүлсэн С.Мөнхчулуун хотын даргад дэмжигдсэн юм. Ингээд НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн барьсан. Харин Ерөнхий сайд ажлын 14 хоногт багтан НИТХ-аас гарсан шийдвэрт хариу өгөх учиртай байсан ч одоог хүртэл батламжлах, эс батламжлах нь тодорхойгүй байна. Учир мэдэх зарим хүний хэлж буйгаар Ерөнхий сайдын эл учир битүүлэг байдал нь хууль зөрчих, цаашлаад хотын эрх ашигт сөргөөр нөлөөлөх, нийслэлийн иргэдийн эрх зөрчигдөх үндэс суурь болж буй гэх.
Тиймээс Ерөнхий сайд ийн хотын даргын томилгоог өдийг хүртэл гацааж байгаа шалтгааныг олон нийтийн зүгээс МАН-ын хуваагдалтай холбоотой хэмээн үзэж байна. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн хувьд С.Мөнхчулуун анхнаасаа түүний “захиалсан” хүн нь биш гэж яриа бий. Учир нь С.Мөнхчулуун нь УИХ-ын дарга асан М.Энхболдын талын хүн гэх яриа цөөнгүй удаа гарч байсан юм. Тиймээс өрсөлдөгчийнхөө хүнийг хотын захирагчийг томилохгүй гэж гэдийснээс уг асуудал даамжирч байх магадлалтай юм.
Уг нь У.Хүрэлсүх хотын даргын асуудлыг ингэж гацаахгүйгээр өөр хүнийг томилох бүрэн эрх нь бий. Хуулиар Ерөнхий сайд нэг удаа НИТХ-ын шийдвэрийг буцаах эрх олгогддог. Хэрэв дээрх таамаглал үнэн бол шүү дээ.
Үүнээс үүдэн нийслэлчүүдийн өмнө тулгарч буй гол асуудал нь 2019 онд үргэлжлэх нийслэлийн бүтээн байгуулалт болоод байна. 2019 оны нийслэлийн төсвийг багцаар нь баталсан. Авто замын төсөв гэхэд 30 орчин тэрбум төгрөг. Энэ хөрөнгийг яг ямар ажилд зарцуулах, дүүргүүдэд ямар зам барих вэ гэдгээ тодорхой болгож, төсвийн задаргаа хийдэг. Улмаар тендер зарлаж, дөрөвдүгээр сарын 15-ныг гэхэд газар шорооны ажил эхэлчихсэн байх ёстой. Бүтээн байгуулалттай холбоотой бичиг цаасны ажил ч гэсэн өнөөдөр эцэслэгдэн дуусчихсан байх ёстой атал энэ гээд харуулчих нэгээхэн ажил алга. Засаг даргыг томилохгүй гацаасны улмаас нийслэлийн бүтээн байгуулалтын ажил ийн хойшилж, хугацаандаа амжихааргүй боллоо. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, хаврын эхэн сар гарчихлаа. Таны учир бүтүүлэг энэ үйлдлээс болж, нийслэлийн бүтээн байгуулалтын ажил хугацаандаа багтаж, амжихааргүй бол та хариуцлагыг нь хүлээх үү. Тиймээс шинээр сонгогдсон хотын даргыг батламжлавал батламжил. Эс бөгөөс хариуцлагаа өөрөө хүлээ.
Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл (25)