Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар МҮЭХ-ны төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Энэ үеэр МҮЭХ-ны удирдлага болон орон нутгийн салбар холбоодын төлөөллүүд өөрсдийн санал хүсэлтээ Ерөнхий сайдад уламжиллаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголд нэг дайсан байгаа. Энэ бол ажилгүйдэл. Би аймгуудын Засаг дарга нарт “Та нарын ажлыг дүгнэхдээ хэр олон ажлын байр бий болгосноор чинь дүгнэнэ” гэдгийг хэлсэн. Тиймээс ард иргэдээ ажилтай байлгахын төлөө анхаарч ажиллах ёстой. Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгогчдоо дэмжих учиртай. Ажилгүй байна гэдэг ядуу байна гэсэн үг. Ядуу байснаараа сэтгэлээр унаж, архи ууна. Дагаад гэмт хэрэг гарна. Тиймээс ажилгүйдлээс ард иргэдээ гаргах нь чухал. Үйлдвэрчний эвлэлээс ирүүлсэн саналд анхаарч ажиллана. Улаанбаатар хотоо утаанаас салгамаар байна. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдээ түшиглэж ирэх жил утаагаа бууруулна. Саарал усыг түүхэндээ анх удаа ашиглахаар болсон. Тавантолгой компани бүх өрөө дарж дууслаа. Энэ жил 720 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ашигаараа “Эрдэнэт”-ийн өмнө орж байна. Энэ бүхэн ард түмний амьдрал, улсын эдийн засагт үр шимээ өгөх учиртай. Бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье. Цаг зав гаргаж уулзсан явдалд талархаж байна” гэлээ.
Б.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл (37)