Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй “зангиагүй” ярилцсан билээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сэнтийнээс бууснаас хойш олны өмнө ийн гарсан шалтгаан нь өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр нэр бүхий эрхмүүдэд холбогдох гэмт хэргийг нотлох баримт хэмээх 178 хуудас бүхий материалыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд атгуулсан явдлаас үүдэлтэй.
Уг нотлох баримт гэх материалд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид холбогдох хэргээс гадна олон нийтийн анхаарлыг татаад буй их мөнгөний хэргүүд хамт бий гэх. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга “иргэн” хүнийхээ хувиар хандаж буйгаа УЕП-д онцолсон нь цоо шинэ өнгө төрх байв. Энэ ч утгаараа экс Ерөнхийлөгч асан сар хүрэхгүй хугацааны дараа ийн олны өмнө гарч, ард түмний толгойг эргүүлэх тактикаа эхлүүлэхээс зам үлдээгүй бололтой юм.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Эрдэнэс Тавантолгойн захирал Б.Жаргалсайханыг би авчирсан юм. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Ц.Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья” хэмээн мэдэгдсэн юм.
Харин энэ талаар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тавантолгойн орд, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ийм баримт олдлоо гээд түүнийгээ харуулчих. Тавантолгойн асуудлаар 178 хуудас баримт хуулийн байгууллагад өгсөн гэж байна. Үүнийгээ нээлттэй болго. Надад ард түмнээс нуух зүйл байхгүй. Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Би түүний занг мэднэ. Өөрийнхөө холбогдсон төмөр зам, Тавантолгойн ордтой холбоотой хэргээ надад үүрүүлэх гэж байгаа юм. Эрдэнэтийн 49 хувь зэрэг бүх хулгайтай Ц.Элбэгдоржийг холбогдуулах гээд юу ч гарахгүй байгаа юм. Миний баримталдаг нэг зарчим байдаг. Энэ хар нүүрсийг авах орон байвал шууд өгч байх хэрэгтэй. Х.Баттулга аюултай хүн байхгүй юу. Өөрийнхөө хулгайг хамтрагч болгон татдаг. Тавантолгойн нүүрсний хэрүүлээс экспорт зогссоноос үүдэн ОХУ, БНХАУ-д нүүрсээ нийлүүлэх хэмжээ нь ихэссэн. Х.Баттулга тэнд овоолсон шороо босгож хаяад л овоолсон шорооноос мөнгө хулгайлсан. Энэ талаар өрөөндөө дуудаж, оруулж ирээд шалгуул гэж хэлж байсан. Одоо энэ хүний ганц айдаг юм нь “Ц.Элбэгдорж гарч ирээд ярих вий, илчлэх вий л гэж байгаа”” гэж ярьсан юм.
Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэнчлэн “иргэнийхээ хувиар шүүхэд хандана” гэж хэлээд өгсөн материалыг нь хуулийн хүрээнд шалгах боломж хомс юм байна. Өөрөөр хэлбэл, хэрэвзээ Ерөнхийлөгч Х.Баттулага экс Ерөнхийлөгчийг гүтгэсэн байх юм бол хүн гүтгэсэн хэргээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүхэд дуудах уу эсвэл, иргэн Баттулгыг шүүхэд дуудах уу гэдэг эргэлзээтэй юм байна. Учир нь ямар ч тохиолдолд Ерөнхийлөгч хэмээх хамгаалалт дор түүнийг шалгаж болохгүй гэх. Тиймээс тэрбээр бүрэн эрхээ ашиглаж экс Ерөнхийлөгчийг гүтгэж байж ч мэдэх.
Эндээс үзвэл, үе үеийн Ерөнхийлөгчдийн хоорондын зодоон даамжирч байх шиг. Бараг жишиг гэгч зүйл нь тогтож байна уу гэлтэй. Учир юу гэвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээж авах тэр үед өмнөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсыг нь гозолзуулсан удаатай. Тухайн үед Ц.Элбэгдорж экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хар хэрээтэй зүйрлэх нь халгүй болж, авлигын загалмайлсан эцэг хэмээн цоллож байв. Түүний эл үйлдлийнх нь хариуд Н.Энхбаяр ч гэсэн амаа хамхиад суугаагүй. Шоронд хоригдож байхдаа хүртэл суллагдах арга саамаа эрэлхийлж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдэгдэл хийсэн. Эцэстээ сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулснаар энэ хэрэг намжсан байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын IV, V дахь Ерөнхийлөгч нарын дайн албан ёоор эхэллээ. Дайны галыг Х.Баттулга сүр дуулиантай эхлүүлсэн бол Ц.Элбэгдорж тос нэмж улам бадраав. Ийнхүү үе үеийн Ерөнхийлөгч нар хоорондоо дайсангаж, парламент дахь гишүүд нь нэгнээ бойколсон он жилүүд ар араасаа хөвөрч байна. Энэ бүхний хөлд ард түмэн үрэгдэж, цаашлаад Монгол Улс олон улсын өмнө муухай харагдаж байгаа гэдгийг төрийн томчууд мэддэг л байгаа даа.
Төрд тэрсэлсэн үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх нь зөв. Харамсалтай нь, манай улсад ийм жишиг тогттолоо өдий. Бараг л санасны гарз гээд хэлчихэд болно. Учир нь олон нийтийн харж байгаагаар эрх мэдэл албан тушаалын төлөөх уг дайн нь өөрийнх нь хулгай илрэх вий гэсэн дээ бусдынхаа хулгайг илчилдэг хулгайчдын жишгээр үргэлжилж буй учраас тэр. Энэ ч утгаараа экс хоёр Ерөнхийлөгчид холбогдох хэрэг гээд байгаа зүйл тун удахгүй замхрах байх. Бүр амин найзын холбоо сэргэхийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ магад тэд ийн сайндаж, амин найзынхаа холбоог сэргээтлээ үзэлцэх нь дамжиггүй. Энэ зодооноос их ч юм ил болж, олон ч улстөрчид тараа таниулахыг үгүйсгэхгүй.
Тиймээс ард түмэнд хандаж хэлэхэд зодооныг ажиглая. Тэдний эл үйлдэл бидэнд ашигаа өгч, хулгайчдыг барихад хэрэг болох ч юм билүү, хэн мэдлээ.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (80)