УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа. Намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийт дөрвөн удаа хуралдаж, зургаан асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны хоёр тогтоол, хоёр зөвлөмж гаргаж, иргэдийн өргөдлийн тавигдсан асуудлыг шийдвэрлэжээ. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Өргөдлийн байнгын хороонд 8800 гаруй иргэн хандаж, өргөдөл ирүүлсэн.
Үүнийг нь багцлан хоёр удаа тухайн газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. Мөн хоёр удаа иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэв. Мөн “УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын дарга, гишүүдэд иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Цэвэр аргаар сан”-гын зарцуулалтын талаарх хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Байнгын хороогоор хэлэлцсэн. Улмаар “Цэвэр агаар сан” болон 2008-2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдсэн гүйцэтгэлийн аудитын тайланг ирүүлэхийг чиглэл болгосон” гэлээ.
Р.Хишигжаргал