Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг хоёрдугаар сарын 10-ны өдөр товлон зарлах, санал авах ажиллагааг зургадугаар сарын 30-ны өдөр болгон тогтоосон. Харин Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намын 27 нь сонгуульд оролцох албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ.
Хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал зэрэг эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших тохиолдолд сонгуулийн хугацаа товлон зарласнаас хойш тав хүртэлх хоногийн дотор өргөдлөө гаргаж, албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой учиртай.
Нөхөн сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287.614.335 төгрөгөөр баталсан бөгөөд уг хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж. Үүнээс Сонгуулийн ерөнхий хороо 246.1 сая төгрөг, Улсын бүртгэлийн ерөнхий газар 32 сая төгрөг, Цагдаагийн байгууллагын хамгаалалтад 8.3 сая төгрөг тус тус зарцуулах аж.
Нөхөн сонгуулийн үеэр нийт 21 хэсэгт санал авах бөгөөд сонгууль өгөх насны 17450 хүн байгаа юм байна. Энэ нь өмнөх сонгуулийн үеийн сонгогчийн тоогоос 900 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)