Баримт 1.
Гомбожавын Занданшатар нь Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1970 оны гуравдугаар сарын 8-нд мэндэлжээ. Түүнийг төрөх үед эцэг Д.Гомбожав нь тус сумын сум нэгдлийн даргаар томилогдон ажиллаж байсан гэдэг.
Баримт 2.
Түүний нэрийг эх барьж авсан эмч н.Ёндонцоо хайрлажээ.
Баримт 3.
Тэрбээр гурван настайдаа шатар тоглож сурсан гэдэг. Учир нь түүний аав шатарт их хорхойтой учраас Намын дээд сургуульд хамт суралцдаг байсан оюутан найзууд болох сум, нэгдлийн дарга тэднийд ирж шатар тоглодог байжээ. Тиймээс Г.Занданшатар тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ.
Баримт 4.
Г.Занданшатарыг хоёр нас хүрэхэд аав Д.Гомбожав Намын дээд сургуульд суралцах болсон учраас гэр бүлээрээ нийслэлд нүүж иржээ. Харин түүнийг сургуульд орох үед нь Баянхонгор аймаг руу буцсан байна.
Баримт 5.
Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орсон бөгөөд сурлага сайтай, урлаг, спортод идэвхтэйгээс хүүхэд байсан гэнэ. Үүнээс гадна “Таван онцын эзэн” цол тэмдгийн болзлыг байнга биелүүлэхээс гадна урлагийн үзлэгт шүлэг уншиж, үндэсний бөхөөр барилддаг хүүхэд байсан аж.
Баримт 6.
Улмаар 1982 онд нийслэлд шилжин ирж ерөнхий боловсролын 77 дугаар сургуулийг онц дүнтэй төгсжээ.
Баримт 7.
Тэрбээр 1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж ахуйн дээд сургууль (одоогийн Байгалийн Улсын Их сургууль)-д элсэн орж санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн байна. Мөн 1992-1998 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг Улсад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад суралцжээ. 2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын бизнес хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж тус тус амжилттай дүүргэсэн байна.
Баримт 8.
Түүний ажлын анхны гараа Зах зээлийн коллежи (одоо МУИС-ийн Бизнесийн сургууль)-д Багш-Эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Монголд валют, санхүү, банкны үйл ажиллагааны чиглэлээр хичээл заасан анхны багш нарын нэг юм. Тухайн үед одоогийн нэрт эдийн засагч Н.Дашзэвэг мөн тус сургуульд багшилж байжээ.
Баримт 9.
Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас англи хэлний шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүнээс зургааг нь шалгаруулж Австрали Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болжээ. Үүнд Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй юм. Тэрбээр 1996 он хүртэл тус коллежид ажиллахдаа оюутнуудад шинэ соргог мэдлэг олгоход идэвхийлэн ажиллаж, Чөлөөт сэтгэгчдийн клуб байгуулан АНУ-д суралцсан төгсөгчдийг урьж оюутнуудад лекц, сургалт зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байжээ.
Баримт 10.
Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд “Монгол” банк сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд “Монгол” банкны бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.
Баримт 11.
1998 оныг хүртэл тэрбээр ямар нэгэн улс төрийн намын харъяалалгүй байсан бөгөөд Санжаасүрэнгийн Зоригийг бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэний маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр МАХН буюу одоогийн МАН-д элссэн гэдэг. Ингээд зургаан жилийн хугацаанд намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн VII тойргоос нэр дэвшиж ялалт байгуулжээ.
Баримт 12.
Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр, логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ.
Баримт 13.
2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр ажиллав.
Баримт 14.
Г.Занданшатар 14 орчим жил төрд ажиллахдаа 20 шахам хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, Парламентын гишүүнээр сонгогдсон хоёр бүрэн эрхийн хугацаандаа Таварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авилгатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилсан бөгөөд УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар томилогдон ажилласан байна. Мөн УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллажээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогджээ.
Баримт 15.
Мөн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчилж, сахилга хариуцлага, ёс зүй алдсан дипломат ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар шинэчлэн тусгасан байна. Үүрэгт хугацаандаа тэрбээр АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 гаруй улсад албан айлчлал хийсэн нь Монгол Улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал, Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан билээ.
Баримт 16.
Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн хүндэт доктор зэрэгтэй юм. Түүнчлэн 2013 оны арванхоёрдугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.
Баримт 17.
Г.Зандагшатар 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”, 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”, 2009 онд “Алтангадас” одонгоор тус тус шагнуулж байжээ.
Баримт 18.
Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдан бараагаа хураалгажээ. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, албан бичгийг хүлээж авсан багш А.Архипова нь сургуулийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Г.Занданшатарыг өөрийг нь дуудаж уулзаад, онц сурлагатай, үлгэр жишээ, ирээдүйтэй оюутан тул сургуулиас хөөлгөх бодолгүй байгаагаа хэлж, улмаар энэ хэргийг түүгээрээ хав дарж өнгөрөөсөн гэдэг. Наймаанаас болж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж явсан монгол оюутан энэ явдлаас 15 жилийн дараа тус сургуулийн хүндэт профессор болжээ.
Баримт 19.
Түүнийг нэгдүгээр дамжаанд байхад орос хэлний хичээл дээр багш нь А.С.Пушкины шүлгийг уншиж өгөөд, долоо хоногийн дотор цээжлэх даалгавар өгөхөд тэрбээр тэр дор нь цээжилснээ хэлж, уншиж өгөөд ой сайтайгаараа гайхагдаж байсан гэдэг.
Баримт 20.
Украин Улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар, нөгөө нь ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж юм.
Баримт 21.
Долоогийн тоо түүний амьдралд тодорхой учир холбогдолтой юм шиг харагдах тохиолдол нэлээд бий. Тухайлбал, тэрээр 1970 онд төрсөн, 1977 онд долоон настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн, мөн хожим энэ сургуулийг 1987 онд дүүргэсэн. УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулсан гэх зэрэг.
Баримт 22.
2004-2012 оны УИХ-ын гишүүд дотроо тэрбээр хамгийн сайн шатарчин нь байсан гэдэг. Түүний ээж О.Дашзэвэг хүүхдээ шатар тоглохыг тал бүрээр дэмждэг, “Шатар монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр нь орос ноёны тоглоом” гэдэг байжээ.
Баримт 23.
2004-2012 он хүртэл найман жил Хонгор нутгийн иргэдийг төлөөлөн УИХ-д суусан ч 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдсөн Х.Баттулга, Д.Ганбат нарт өвдөг шороодсон юм. Тэр үед Баянхонгор зочид буудлын үүднээс Номгон хайрхан руу сүүний дээж өргөчихөөд нүдэндээ нулимстай хот руу явж байсан гэдэг. Орон даяар ялагдал хүлээсэн МАН ч удирдлагууддаа хариуцлага тооцож, М.Энхболдын оронд Ө.Энхтүвшинг даргаар томилж У.Хүрэлсүхийн оронд Г.Занданшатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болов. Энэ албыг 2012-2013 оны хооронд хашиж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ аварга ялагдсан тул Г.Занданшатар ч бас генсекийн суудлаа Ж.Мөнхбатад шилжүүлж, АНУ-д сурахаар одсон юм. Угаас сонгуульд ялагдсан хүмүүс дараагийн цикл хүртэл өөрийгөө тордож, боловсролдоо анхаардаг. Г.Занданшатар ч бас энэ жишгээр АНУ-ийн Стенфордын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн юм.
Баримт 24.
Хүмүүс Г.Занданшатар “Улс төрд удаан зүтгэлээ. Улс орноо хөгжүүлэхийн төлөө чамгүй ажиллаа. Зарим үед түр зогсож өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөх шаардлага зайлшгүй хэрэгтэй байдаг. Ардчилсан улсын хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал, уураг тархи нь ухаалаг төр, бие махбод нь ардын таван засаглал юм. Гэтэл бид гадагш өнгийж ард түмнээ харалгүйгээр дотроо дор бүрнээ шаагилдсаар өөрсдийн алдаа оноог дэнслэн харах чадваргүй болсон байна. Тиймээс би хэсэг хугацаанд Монголынхоо нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс ажиглаж, судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд удаан хугацаанд ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ингэснээр өөрийн улсын хийгээд бусад улсуудын улстөрийн үйл ажиллагааны давуу тал болон алдаа дутагдалыг тунгаан харж, илүү бодитоор дүгнэн цэгнэж, зөв гаргалгааг хайх боломжийг бий болгодог” хэмээн ярьсан удаатай.
Сэтгэгдэл (29)