Өнөөдөр өглөө 09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Уг шийдвэрийг 10:00 цагаас УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой юм.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу УИХ-ын даргыг огцруулж болдог хуультай болсон. Энэ хүрээнд өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ерөнхий сайдын зүгээс МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар дараагийн УИХ-ын даргад ЗХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Уг асуудлыг МАН-ын удирдах зөвлөл болон намын бүлгээр хэлэлцэж 100 хувь дэмжсэн юм.
Б.Лхам