-УИХ-ын дараагийн дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уу эсвэл Шадар сайд Ө.Энхтүвшин үү?-
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч мягмар гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс үүдэж УИХ-ын дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. УИХ-ын дараагийн даргыг энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж томилох ёстой. Энэ долоо хоногийн нэгдсэн чуулган гурван өдөр хуралдана. Учир нь Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн дөрвөн буюу нэгдүгээр сарын наймны ажлын өдрийг ирэх бямба гарагт нөхөхөөр болсон юм.
Ингээд гурван өдөр үргэлжлэх УИХ-ын нэгдсэн хуралдааны шийдвэр нь юу байх вэ гэдэг таамаглал дэвшүүлье. УИХ-ын дарга хэн бэ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хийж байсан мэдэгдэл ортой биш байгаа. Ийн өгүүлэхийн учир нь тэрбээр Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын таван гишүүнийг чуулганыг бойкотлож байхад “Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эгдүүцэн, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд болох Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна” гэсэн удаатай. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Албан тушаал болохоор л ах нар гүйдэл орох юм аа. Төрийн ордноор сайдын албан тушаал сонсогдвол ах нар “шааж” явах юм. УИХ-ын даргын албан тушаалыг сонсоод бас л “шааж” явна. Удахгүй Ерөнхий сайд болно гээд араандаа хийгээд “шааж” явах вий дээ” хэмээн ярьж байсан. Тэдний хэлдгээр нээрэн л зарим ахмад гишүүд “араандаа хийчхэв үү” гэлтэй. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар сарын өмнө томилогдсон. Мөн үүнээс гадна дараагийн УИХ-ын даргад Шадар сайд Ө.Энхтүвшин, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар яригдаж байгаа аж. Эдгээр гишүүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар яригдаж байгаа юм байна.
УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахыг шаардаж байсан гишүүдээс дараагийн УИХ-ын дарга хэн байгаасай хэмээн бодож байгаа талаар тодруулахад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нөхөдтэйгөө зөвлөлдсөний дараа нэрээ хэлэх ёстой. Юутай ч нийгмийнхээ хандлагыг ойлгодог хүн байгаасай гэж бодож байна. Хоёрдугаарт, олон сонгогдсон хүн байгаасай гэсэн бодолтой байгаа. Энэ суудал өндөр босготой байх ёстой шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол Ж.Батзандан гишүүн “Би эрэмгий, дайчин хүн байгаасай гэж бодож байна. Уг нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын дарга болооч хэмээн гуйсан ч хүлээж аваагүй” хэмээн хэвлэлд яриа өгсөн байдаг.
Эндээс бяцхан таамаглал дэвшүүлэхэд Шадар сайд Ө.Энхтүвшин, Хуульзүйн сайд Ц.Нямдорж хоёрын нэг нь УИХ-ын дарга болж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар сайд болох боломж гарч ирж магадгүй юм. Учир нь том зүйл рүү сарвайсан хүн хоосон хоцордоггүй гэдэг. Тиймээс тэд сайдын суудалтай үлдэхийг үгүйсгэхгүй. Ийн таамаглахын учир нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Нямдорж нар бүгд сайдын алба хашдагийг энд өгүүлэхэд илүүц биз.
Шадар сайд Ө.Энхтүвшин өмнө нь УИХ-ын даргын албыг хашиж байгаагүй ч МАН-ын даргаар ажиллаж байсан. Харин Ц.Нямдорж сайдын хувьд 2005-2007 оны хооронд УИХ-ын даргын албыг хашсан туршлагатай.
УИХ-ын даргыг сонгохдоо эхлээд намын Удирдах зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр намын бүлгийн хурлаар хэлэлцэж УИХ-ын чуулганд нэр дэвшигчийг танилцуулдаг дараалалтай. Харин УИХ-ын гишүүдийн 1/3 нь дэмжих юм бол тухайн танилцуулсан хүн УИХ-ын дарга болно. Ямартай ч гахай жилээс өмнө УИХ-ын даргаас гадна Зам тээвэр хөгжлийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд томилогдох магадлалтай байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (11)