ЭШЛЭЛ 1
Нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ асуудал хэзээнээс эхэлсэн, хэн, юу ярьсан, хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд бүх л үйл явдал Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэнэ.
ЭШЛЭЛ 2.
Би ямар нэг байдлаар арга саам эрэлхийлж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын олон албан тушаал хашиж, өгч, авч явсан. Би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй.
ЭШЛЭЛ 3.
Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ.
ЭШЛЭЛ 4.
Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар бид Ажлын хэсгүүд байгуулсан.
ЭШЛЭЛ 5.
Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийг хүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч, тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.
ЭШЛЭЛ 6.
Жагсаал цуглаан зохион байгуулсан зарим улстөрчид хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг сайн харууллаа.
ЭШЛЭЛ 7.
Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү.
ЭШЛЭЛ 8.
Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний хүрсэн амжилтыг дахин давтаж, давуулж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болохоор харлуулах нь зөв гэж бодсон байх аа..
ЭШЛЭЛ 9.
Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг удахгүй ирнэ.
ЭШЛЭЛ 10.
Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрд зүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байна даа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бий.
ЭШЛЭЛ 11.
Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна.
ЭШЛЭЛ 12.
Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.
ЭШЛЭЛ 13.
Намайг энэ танхимд УИХ-ын даргад нэр дэвшиж байхад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж, “Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.
ЭШЛЭЛ 14.
“Шударга бусын хонгил” гэдэг зүйл шударга бусыг хийсэн, үйлдсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байна уу даа гэж бодогдох боллоо.
ЭШЛЭЛ 15.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг би УИХ-ын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан.
ЭШЛЭЛ 16.
Би стратегийн орд газар гэдэг ойлголтыг анх бий болгож, түүнийг УИХ хуульчлан баталж, Монголын баялаг төр, ард түмнийхээ мэдэлд байх санаачилгыг анх удаа гаргасан нь өнөөдөр амьдралд хэрэгжиж байгаа. Харамсалтай нь 49 орд газрыг төрийн мэдэлд авъя гэхэд тухайн үеийн парламент 15-ыг нь зөвшөөрч байсан юм.
ЭШЛЭЛ 17.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа би эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн.
ЭШЛЭЛ 18.
“60 тэрбумын хэрэг” гэж хоёр жил гаруй ярилаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоо зурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.
ЭШЛЭЛ 19.
Та бидний бүрдүүлсэн УИХ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү. Гэхдээ энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай.
ЭШЛЭЛ 20.
Хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээ ард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй.
ЭШЛЭЛ 21.
Парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэн хугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг.
ЭШЛЭЛ 22.
Парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш, ард түмнээс мандат авсан гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай.
ЭШЛЭЛ 23.
Болоод өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай.
ЭШЛЭЛ 24.
“Төр их бат, ёс их хүнд”. Ёсоо дагаж, жаягаа мөрдөн төр улсын ажлыг гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм аа.
Сэтгэгдэл (57)