УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуульд УИХ-ын даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулж, чөлөөлнө гэж заасан. Л.Оюун-Эрдэнэ та огцруулна гэж явахдаа Ерөнхийлөгчтэй тохиролцоод хууль санаачилуулж ирсэн үү. МАНАН бүлэглэл гээд байх юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг та зарчихсан юм уу. 49 хувь М.Энхболд хоёр юугаараа холбоотой юм бэ хэмээн асуухад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид хуульд заасан үндэслэлээр өөрөө чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзсэн. Харин УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзсэн. Тиймээс ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцээд, хууль санаачлах ёстой гэж М.Энхболд дарга үзээд, хууль санаачилж баталсан. “Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд Сингапурын компанид шилжвэл ноцтой асуудал үүснэ. Үүнээс бид хамтдаа сэрэмжлэх хэрэгтэй” гэв.
Харин УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэтийн 49 хувийг хувьчиллаа гэж сонгуулийн сурталчилгаа өндөрлөсөн гэж өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарласан. Тиймээс тухайн үеийн сонгуулийн штабын дарга С.Батболдод энэ хуулийн дагуу явагдаж уу гэдгийг хянах үүргийг намын даргын хувьд өгсөн. Хэн нэгийг буруутгахын тулд юуг ч хамаагүй худлаа ярьж болно гэдгээ төрд ажиллаж байгаа хүмүүс болих хэрэгтэй. Эрдэнэтийн 49 хувийн тухайд ажлын хэсэг ажиллаж байгаа. Засгий газар өөрсдийн тогтоолоо хэрэгжүүлэхээр ажиллахгүй байгаа юм билээ. Сүүлийн өдрүүдэд "Эрдэнэт"-ийн 49 хувийг надтай холбож байна. Шөнө орой манай орон гэрээр очиж уулзсан гэж ор үндэсгүй зүйл ярьж, шударга бус, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй хэрэг гэж үзэж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Тогтоолын төсөлд ойлгомжгүй нэг зүйл байна. Оруулж ирсэн хуулийн төслийн дийлэнхэд гарын үсэг зурвал огцруулах болоод байна. Огцруулахад учир шалтгаан, үндэслэл байх ёстой. Харамсалтай нь тийм зүйл алга. Энэ нь парламентын тогтворгүй байдлыг үүсэх эрсдэлтэй. М.Энхболд дарга огцорно гэсэн, огцордог л юм байгаа биз. Дараагийн удаа яах вэ. Буруу жишиг гэж харж байна. Та тогтоолын төсөлдөө албан ёсоор гэсэн байна. Албан ёс нь юу юм. Өнөөдөр О.Баасанхүү бид хоёроос өөр үг хэлэх хүн байхгүй. Бусад нь бүлх залгисан. Та нар хэдэн жилийн дараа үүсэх хар толбыг бий болгож байгаа шүү. Хариуцлагыг нь хүлээгээрэй.
Д.Лүндээжанцан гишүүн “Би анхнаасаа хэлсэн. Бид цаг хугацаа, улс төрийн нөхцөлөөс шалтгаалан энэ хуулийг батлахаас өөр аргагүй. Монголын төр, парламентыг дархлаатай болгох тал дээр ажлын хэсэг байгуулаад улам боловсронгуй болгох байх.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Би өмнө ч илэрхийлж байсан, парламентын дархлаа тал дээр тантай ижил саналтай байна. УИХ-ын дарга одоо ч өргөдлөө өгөх боломж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үүнийг парламентийн дархлаатай холбоотой гээд гишүүдийн яриад байгаатай санал нэг байгаа. Шударга ёсны төлөө гээд та нарыг ярихаар хувь гишүүний хувьд би үнэхээр ичиж байна, ичиж үхэх гэж байна. МАН-ын байгаа байдалд ичиж байна. Шударга ёс гэж яриад байна. 60 тэрбум, хонгил, МАНАН л гэнэ. Л.Болд гээд тэр МАНАН дэглэмийн үед л байсан шүү дээ. 60 тэрбумын схемийг маш сайн байна гэж ярьсан гэгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, манай шударга залуучууд төмөр замын хэргээс шударга ёс нэхэх байх. Монголын төрд ноён нуруутай, тулхтай төрийн зүтгэлтэн үгүйлэгдэж байна. Би энэ тогтоолыг дэмжиж чадахгүй.
О.Баасанхүү гишүүн “60 тэрбумын бичлэгт дотор нь байсан гэж огцруулна гээд байх юм. Үүнийг 2016 онд мэдэж байсан хэрнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Одоо энэ жүжгээ боль. АТГ дээр яагаад дуудагдсан юм, юу болсон юм. Тэр байгууллага та нарыг их зовоож байгаа юм билээ. Т.Аюурсайхан, Ж.Батзанданг ч тэр. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-ын тогтоолоор авчихсан. Авчихсан юм бол яагаад нэг компани өөрийнхөө хувьцааг зарах гээд байна, яанаа гэж гүйгээд байгаа юм бэ. Та нар алдаа гаргаснаа мэдэж байгаа шүү дээ. Та нарыг сайн ярилц гээд байхад попроод, онгироод ийм байдалд орсон. Энэ үйлдвэрийг дампууруулах сонирхол та нарт байгаа. Нөгөө талд хуульч ажиллаж байгаа. Та нарт сэтгэл хөдлөл ажиллаж байна. Одоо та нар ямар даргыг зүтгүүлж байгааг би мэднэ. Наадах чинь ерөөсөө л албан тушаал. Энэ хүнийг та нар 65-уулаа сонгосон. Одоо намын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө төрөөр тоглож байна. Монголын төрөөр хоёр удаа тоглолоо шүү Л.Оюун-Эрдэнэ ээ. З.Энхболдыг гүтгээд эрүү үүсэх гэж байгаад Харвард явсан. Эргэж иргэд Монголын парламентыг бойкот хийж 40 хоног гацаалаа. Би наад ах нарыг чинь маш сайн мэднэ. Х.Баттулгыг зовж явахад би тусалж явсан.
Үүний дараа гишүүдийн 88.2 хувийн саналаар цаасаар нууцаар санал хураахаар болов. Нууц санал хураалтад 17 гишүүн оролцож найман гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огруулахыг дэмжиж харин огцруулах шаардлагагүй хэмээн найман гишүүн дэмжээгүй бөгөөд нэг гишүүний санал хүчингүй гэсэн дүн гарлаа.
Нууц санал хураалтын комиссын гишүүнээр Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Н.Цэрэнбат нар ажиллав.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (41)