УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
Уг хуулийн төслөөр Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...”гэсний дагуу сонгогч өөрийн сонгосон УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаар санал гаргах, эгүүлэн татах бүрэн эрхтэй буюу эрх зүйн орчин бүрдэх юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа нөхцөл байдлыг хараад энэ хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзлээ. Иргэдээс “Гишүүнээр сонгогдонгуутаа сонгуулиар амласан амлалтаа мартдаг, үл тоомсорлодог, хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьдаг” гэх мэт гомдол ихээр ирдэг. Ийм итгэл алдсан парламентийн гишүүд дараагийн сонгуульд өрсөлдөхдөө санал худалдаж авах, өөр тойрогт нэр дэвшиж сонгогчдоосоо зугтах, өөр тойргийн сонгогчдыг хууран мэхлэх зэрэг зүй бус үйлдэл гаргадаг. Хэрвээ хуулийн төсөл батлагдвал ийм явдал давтан гаргахгүй байх, итгэл алдсан парламентийн гишүүнд хариуцлага ногдуулах эрх зүйн боломжийг иргэдэд олгох юм. Сонгогчид сонгож чадсан шигээ эгүүлэн татах эрхтэй. Үнэхээр шударга ёс ярьсан, шударга ёс хүсч буй гишүүд энэ хуулийг дэмжих байх гэж үзэж байна” гэв.
Мөн тэрбээр ийм системээр сонгож, гишүүдээ эгүүлэн татдаг улс бий. Тухайлбал, Авсрали Улсад сонгогчдын 10 хувь, БНХАУ-д тойргийн сонгогчдын 30 хувийн саналаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн төслөөр иргэдийн 1/3 нь эгүүлэн татах нь зүйтэй гэж үзвэл, энэ үндэслэл нь Сонгуулийн Ерөнхий хорооны дүгнэлтээр баримтлагдаж, нотлогдох ёстой. Хэрвээ үндэслэлтэ гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулснаар тухайн гишүүнийг эгүүлэн татна” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (28)