НИТХ-ын ээлжит бус VI хурлаал хотын даргын асуудлыг хэлэлцэж, төлөөөлөгч С.Мөнхчулууныг олонхийн саналаар сонгосон. Тэгвэл Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлах тогтоолыг буцаасан гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Баясгалангаас тодрууллаа.
-Өчигдөр Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлах тогтоолыг хүлээж аваагүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Бичиг явуулсан гэх хүнээс өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Албан бичиг ирсэн эсэхийг асууж байгаа. Удаж байгаа шалтгаан нь хотын даргад нэр дэвшиж буй хүн хуулиараа тодорхой болзлыг хангасан байх шаардлагатай. Төрийн албанд тодорхой хугацаагаар ажилласан байх, татварын өргүй байх зэргийг нотолсон нотолгоо байх шаардлагатай. Үүнтэй холбоотой юу гэдгийг мэдэхгүй байна.
-Хотын даргыг батламжлах эсэх асуудлыг яаж шийддэг юм бэ?
-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг үүрэг нь бий. Энэ хүрээнд бидэн албан бичиг нь ирээгүй учраас уг асуудлын талаар мэдэхгүй байна.
-АТГ-аас шаардлага хангахгүй байна гэх асуудлыг тавьсан юм уу?
-АТГ-ын асуудал бол. Ерөнхий сайдаас уг албан тушаалд ажиллах боломжтой гэж үзвэл нийтийн албанд ажиллахад ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх асуудлыг АТГ-аас гаргуулж авна. Шаардлага хангасан эсэх нь тодорхой биш байгаа учраас урьдчилж ашиг сонирхлын зөрчил байгаа юу гэдгийг шалгуулахгүй шүү дээ.
-Тав хоногийн дотор хотын даргын асуудлыг шийдэж амжих нь уу?
-Хотын даргад нэр дэвшсэн хүнийг Ерөнхий сайд батламжлалгүй буцаасан тохиолдолд дараагийн сонгосон хүнийг тав хоногийн дотор сонгох заалттай.
-Яаравчлахгүй бол болохгүй юм биш үү. Хот даргагүй удлаа шүү дээ?
-Мэдээж уг асуудлыг шуурхай шийдэхийг л бодно. Бариад байх шаардлага байхгүй. Гэхдээ эрх бүхий байгууллагаас холбогдох мэдээлэл нь ирээгүй байна.
-Ерөнхий сайдын дэмжихгүй хүн нь сонгогдон ирсэн учраас дэмжих байгаа юм болов уу?
-Барин тавин ярьдаг муу зуршил цахим ертөнцөд бий болсон байна. Хэн нь таалсан, таалаагүй, манай, танай хүн гэж хэлээгүй.
-Хотын даргагүй удсан болохоор нийслэлийн төсөв аюулд орж байна гэж яригдаж байна?
-Нийслэлийн төсөв батлагдчихсан. Үүнийг захиран зарцуулах ёстой. Нийслэлийн Засаг даргын гүйцэтгэгчээр тодорхой хүн үүрэг гүйцэтгэж байна. Тухайн хүн дараагийн хотын даргыг сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэх учраас ямар нэгэн асуудал байхгүй гэж бодож байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)