Хууль зүйн сайд асан, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Ч.Бямбаа нарыг яллагдагчаар тооцож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 30 хоног цагдан хорих захирамж гаргасан. Уг захирамжийг Д.Дорлигжав, Д.Баатар нарын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар эсэргүүцэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. Уг гомдлыг өнгөрсөн даваа гарагт хэлэлцэх байсан ч өмгөөлөгчид шинээр нотлох баримт гаргах шаардлагатай учраас хойшлуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 16-нд хэлэлцсэн юм. Өмгөөлөгчдын гаргаж өгсөн нотлох баримтад Т.Ганболд 18 сая ам.доллар бус харин 23 сая ам.доллароор “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авсан, С.Паушокоос ирүүлсэн захидалд Д.Баатарт хоёр сая ам.доллар шилжүүлэх талаар Т.Ганболдод үүрэг чиглэл өгсөн тухай зэрэг хэд хэдэн зүйл байжээ. Тиймээс эдгээр баримтыг ач холбогдолтой гэж үзээд мөрдөгчөөр шалгуулж, шийдвэрлэтэл өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шүүгч шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг цагдан хорьсон хууль бус үйлдэл гэж Т.Мөнх-Оргил болон, Э.Амархүү нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “Дөрвөн сая ам.доллар авлига биш. Харин бизнесийн байгууллагуудын зээлийн асуудалтай холбоотой өр, авлагын тооцоо байсан. Гэтэл авлига гэж нийтэд илтэд худал мэдээлэл өгч хүнийг санаатай гүтгэж ял өгөх зорилготой нөхцөл байдал бүрдүүлсэн гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна.
Хэргийн хувьд Т.Ганболд гэрээний дүнг 18 сая гэж ярьсан. ОХУ-ын иргэн С.Паушокоос “ Ямар гэрээ хийж, ямар процесс өрнөсөн бэ” гэдгийн тайлбар ирүүлсэн. Үүнийг АТГ-д хүргүүлсэн. Шүүхээс Д.Дорлигжав нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үндэслэл нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нь тухайн үед төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан тул энэ гэмт хэрэг дахин үйлдэж магадгүй гэж тайлбарласан. Гэтэл хуульд хүнийг арьс өнгө, боловсрол, эрхэлж байсан албан тушаалаар ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан. Ингэхээр цагдан хорих нь үндэслэлгүй. Энэ талаар Эрүүгийн хуульд тодорхой нөхцөлтэйгээр тусгасан. Тиймээс цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байна. Ард түмэнд хандаж хэлэхэд түүний эсрэг гүтгэлэг, дайралт бүхэн ташаа мэдээлэл. Шүүхээс гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад түүнийг буруутай гэж яллахгүй байхыг хүсэе” гэлээ.
Харин өмгөөлөгч Э.Амархүү “Нийтэд ил болсон мэдээллийг бид өгөхөд татгалзах зүйлгүй. Үүнээс гадна Д.Дорлигжавыг гэм буруугүйг нотлох баримт бий. Хэрэг шалгагдаж байгаа учир дэлгэх боломж алга. Хамгийн гол нь энэ бол авлига биш. Харин байгууллага хоорондын гүйлгээ байсан” гэв.
АТГ болон нийслэлийн Прокурорын газраас Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” (NRI), “Пайонеринг интернэйшнл” компаниас 2011 оны 9-10 дугаар сарын хооронд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт сэжиглэн шалгаж буй юм. Уг хэрэгт төрсөн дүү Д.Баатар хамтран оролцож, хахууль авсан, Ч.Бямбааг дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа юм.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (25)