УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
-Өчигдөр Ерөнхий сайд Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Н.Номтойбаярын гэр бүл хэтэрхий олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Энэ гэр бүлтэй тэмцэнэ гэж мэдэгдсэн. Та үүнийг яаж хүлээж авч байна вэ?
-Хэд хэдэн дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд хуулиа мэддэггүй юм байна. Нэг өрөө байраа хоёр өрөө болгож өргөтгөхийн тулд хажуу талынхаа орон сууцыг худалдаж авбөал хоёр тусдаа үл хөдлөх хөрөнгөтэй болно. 36 биш 32 шүү. Ийм л зүйл. Аж үйлдвэрийн бодлого гэлээ. Гэтэл энэ үйлдвэрийн дор нь орд газар бий. Ашиглах эрхийг нь тусгай зөвшөөрлөөр баталгаажуулдаг. Цементийн үйлдвэрийн дор гэхэд элс, шохой, гөлтгөнө, шохой, нүүрс гээд энэ бүгд чинь нэгдэж байж төрийн тэргүүний яриад байгаа, ард түмний шаарддаг аж үйлдвэрийн бодлого хэрэгждэг юм. Үүнийг юу гэж харж байгааг ойлгохгүй байна. Хоёрдугаарт, хууль зөрчсөн. Хулгай хийсэн гэсэн. Үнэн юм бол над шиг “Энэ тусгай зөвшөөрлийг тэдэн онд авсан” гээд ил ярих хэрэгтэй. Хүн гүтгэж болохгүй. Дээр нь улс төртэй холбоотой ажил хийдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Миний аав өдийг хүртэл ажиллахдаа хулгай хийж үзээгүй. Тендерт холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Би үүнийг хаа ч хэлнэ. Олон хүнийг ажлын байраар хангаж байна. Төсвийн орлого нэмэгдлээ гэсэн. Хэний ач гавъяа юм бэ. Нямтайшир тэргүүтэй бизнесмэнүүдийн ач. Үнэн биз дээ. Хэн цалин олгож байгаа юм бэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэлээ. Хэн мөнгийг нь өгөх юм бэ. Баялаг бүтээгчид л мөнгийг нь өгнө шүү дээ. Хийж бүтээдэг хүмүүс рүүгээ дайрахаа боль. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Ерөнхий сайд баялаг бүтээгчдээрээ бахархаж, нэрийн хуудсаа хийх ёстойгоос биш нүд үзүүрлэх ёсгүй. Гуравдугаарт, Цагаан суваргын ордыг хурааж авна гэсэн. Болно. Би зөвшөөрнө. Гэхдээ одоо шууд хурааж авна гэвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид, дотоодын аж ахуйн нэгжүүд юу гэж харж, ямар дүгнэлт хийх үү. Хууль зөрчөөд авбал ав. Гэхдээ Ерөнхий сайд үүнийг сийхгүй хийх байх. Яагаад гэвэл ЖДҮ-гээс дүүдээ зээл авч өгсөн. Хулгай гэж нэрлээд байгаа биз дэ. Хулгай хийсэн хүн дээрэм хийж чадна л даа.
-Цагаан суваргын ордыг төрд өгчихөж болохгүй юм уу?
-Угаасаа л төрийн мэдэл шүү дээ. Үндсэн хуулийн 6.1-д заасан бий. Хэн билээ сэтгүүлч энэ заалтыг иш татаад ард түмний өмч гэсэн. Тэгвэл ард түмэн гэж хэн юм бэ. Төр ард түмнийг төлөөлж, төр мэдэлдээ эзэмшдэг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 5.2, Үндсэн хуулийн 6.1-т зааснаар ашиглуулах эрхийг Засгийн газар өгдөг юм. Цуцалж болно. Нөхөн төлбөрийн асуудал яригдана. Эсвэл чуулганы үеэр “Хувьсгалын үеэр хууль хамаагүй” гэж ярьсан шиг ээ дураараа авирла. Тэгвэл Оюутолгойн 66 хувь, Эрдэнэтийн 41 хувийг ав. Нэг зарчим үйлчлэх ёстой. Түүнээс биш надад зориулсан зарчим үйлчлэх ёсгүй. Алтны роялти татварын тухай яригдаж байна. Энэ хуулийг батлах ямар хэрэгтэй юм бэ, тэгвэл. Алтны уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалчих хэрэгтэй шүү дээ. Дээр нь үг үйлдэл нь дандаа зөрнө. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ашиггүй гэж хааж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө томоохон үйлдвэрийг хаалаа. Тэгсэн хэрнээ улсын үйлдвэр барина гэх юм. Ямар учиртай юм бэ. Ийм тодорхой бус байхаар хөрөнгө оруулагчид юу хийхээ мэдэхгүй байна. Дээрэмдэх бол бүгдийг нь дээрэмд. Дэмжих бол олигтойхон дэмж. Хамгийн гол нь Ерөнхий сайд хэрнээ ийм өчүүхэн үг хэлэх гэж. Би оронд нь байсан бол далайцтай хэлэх байсан юм.
-Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурж байна. Огцруулж чадах болов уу?
-Чадахгүй ээ. ЖДҮ-чид 30 гарчихлаа. Ашиг сонирхолоо хамгаалах сонирхол нэгтэнгүүд ямар хууль батлах гэж байгааг хараа биз дээ. Би дийлэхгүй юм билээ. Үнэнээ л хэлье. Гарын үсэг 10 гаруй гишүүн зурсан. Эд нар ЖДҮ-гээс зээл аваагүй. Ганцхан Х.Нямбаатар гишүүн зээл авсан. Гэтэл их хурлаа тараая, шинэ төр байгуулъя гээд гарын үсэг зурчихаж. Би түүнийг ойлгохгүй байна.
-Дараагийн УИХ-ын дарга хэн болох бол?
-Би тэрийг яаж мэдэх юм бэ. ЖДҮ-чид л шийднэ шүү дээ.
-Таны нэр сайдад яригдаж байна гэсэн?
-Тийм зүйл огт байхгүй шүү. Л.Болд гишүүн террорист үйлдэлд хийхээр 200 цэрэг бэлтгэсэн гэж хэлсэн. Хэрвээ асуудал гарсан бол Ж.Мөнхбат бид хоёроор туг тахих гээд байхгүй юү. Тэр өдөр би гадаадад байсан. Гадаад хэргийн сайд Цогтбаатар надтай хамт нэг онгоцонд явсан. Би буухдаа “Ийм асуудал болсон байна. Та намайг гэрчилнэ шүү” гэхэд тэр зөвшөөрсөн. Дээр нь намайг сайд болох гэж байна гэж Б.Батзандан гишүүн хэлсэн. Хэн намайг сайд болгох гэж миний өмнөөс гүйгээд байгаа юм бэ. Хэн надад хайр зарлаад байна гэдгийг хайгаад олохгүй байна.
-Таныг сайд болооч гэвэл та ямар хариу өгөх үү?
-Би “топор”-ын цэрэг болохгүй. Тэгж доошоо орохгүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлье. ЖДҮ-чин Засагт би орлоо юу. Үгүй шүү.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (60)