Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанд салбарын сайд нар болон аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга болон Засгийн газрын харьяа яам агентлагийн дарга нар оролцсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчид албан өрөөндөө архидан согтуурахаа больсон. Дуулгаравтай сайн байна гэж магтахын сацуу бийлэгжүү, баярхуу зангаа гээ гэдгийг сануулсан юм. Тэрбээр, “Төрийн албан хаагчид, дарга нар хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровский шигтгээтэй цүнх үүрдгээ боль. Ядарсан Монголын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид мянга мянган америк долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна. Би дөрвөн удаагийн айлчлалаар явлаа. Тэнд төрийн албан хаагчид хэзээ ч ийм үнэтэй эд хэрэглэл эдлэхгүй байна. Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй” гэсэн юм.
Эндээс үзвэл Ерөнхий сайдыг атаархтал, бас айж, ичтэл нь баярхуу, бийлэгжүү загнадаг дарга нар мэр сэр бий бололтой юм. Тиймээс аль яамны сайд нь, аль байгууллага, агентлаг, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нь сайдын амыг ангайтал баярхуу загнасан бэ гэдэг асуулт эрхгүй урган гарч ирж байна. Шударга үнэний талд ямагт зогсож, авлига хээл хахуулийг эцэс болгон хэмээн ямагт уриалж, лоозонддог сайд маань эл баярхуу загнасан нууцлаг даргыг тун удахгүй олонд зарлана гэдэгт найдая. Тэгж байж л төрийн алба тунгалагшиж, цэвэршинэ гэдэгт би итгэнэм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (55)