УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудал болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр санал солилцлоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийв.
Бүлгийн гишүүдийн олонхи нь Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудал сунжирч байгаа учраас нэрсийг нь татах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтаан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Дараагийн УИХ-д даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ?
-УИХ-ын даргыг томилох процесс болоогүй. Эхлээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, батална. Дараа нь УИХ-ын даргатай холбоотой асуудлаар тогтоолын төсөл өргөн барих ёстой. Албан тушаалтай холбоотой зүйл огт яриагүй.
-Засгийн газрын хоёр сайдын асуудлыг ярилцсан уу?
-Одоо УИХ үйл ажиллагаа саатахгүй. Эдийн засгийн байнгын хороо мягмар гаригт хуралдана. УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаа тогтсон.