УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд МАНАН-ын эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаал энэ долоо хоногийн пүрэв гарагт болох байсан ч дараа долоо хоногийн пүрэв гарагт хийхээр болжээ. Учир нь энэ долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан УИХ-ын даргыг олонхын саналаар чөлөөлдөг боломжтой хуулийн төслийг хэлэлцэх аж. Тодруулбал,
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ярихдаа “Нэгдүгээр сарын 10-ны өдөр МАНАН бүлэглэлийг нураах зорилгоор бүх нийтийн жагсаал цуглаан зохион байгуулсан. Жагсаалд улсын өнцөг бүрээс иргэд ирж дуу хоолойгоо нэгтгэсэн. Жагсаалын үр дүнд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжид нэгдүгээр сарын 10-ны өдөрт багтааж УИХ-ын даргыг чөлөөлдөг, огцруулдаг хуулийн шинэ заалтыг батлахыг чиглэл болгосон. Энд УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ нар хуульд заасан нөхцөлийг биелүүлэхгүй гэсэн нөхцөл байдал руу явуулж байна.
Үндэсний аюулгүй байдлын гишүүнээр УИХ-ын дарга яагаад ордог вэ гэхээр Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийг заасан хугацаанд нь хэрэгжүүлэхэд нөлөөтэй. Учир нь УИХ-ын үйл ажиллагааг чиглүүлж хуралдааны асуудалд оруулж, асуудлын эрэмбэ дарааллыг тогтоож шийддэг хүн өөрөө гарын үсэг зурсан болохоор УИХ-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж саадгүй хэрэгжих боломжтой байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нэгдүгээр сарын 10-ны бүх нийтийн жагсаалын үр дүнд нэгдүгээр сарын 11-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын дарга зөвхөн дөрвөн гишүүнтэй холбоотой ганцхан асуудлыг л чуулганаар хэлэлцүүлэхээр оруулсан байсан. Бид заалнаас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэх горимын санал оруулсан. Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг сануулж, олон нийтийн жагсаал цуглааны шаардлагыг сануулж байж УИХ-ын даргыг олонхын саналаар чөлөөлдөг шинэ заалтыг хэлэлцэх горимын санал гаргаснаар санал хурааж олонх болсноор чуулганаар хэлэлцүүлэхээр болсон” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл үргэлжилж байна. Шаардлагатай бол 100 мянга болоод эргээд ирье гэж ард түмэн хэлсэн. Энэ долоо хоногийн жагсаал цуглаанд бэлтгэж байсан ч дараагийн долоо хоногт болгож хойшлууллаа. Үүний учир нь УИХ-ын дарга энэ пүрэв гаригт УИХ-ын даргыг огцруулах Ерөнхийлөгчийн хуулийн төслийг батална гэж амласан, өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ирж буулт хийсэн юм. Ордон дотор нууц тохиролцоо яваад байна уу гэсэн хардлага бий. МАНАН-гийн 27 гишүүн дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг дээр гүйгээд нэр усаа гаргаад явж байна.
Дараагийн УИХ-ын даргыг МАНАН-гаас томилуулна гээд Ерөнхийлөгч, Засгийн газрыг шатнаачилж байна. Биднийг мөн шантаачилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгож өгөхгүй бол энэ хуулийг чинь хойшлуулна гэж балай юм аа ярих боллоо. Н.Номтойбаярыг сайд болгож өгөхгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэнэ. Нөгөө л шантааж хийдэг МАНАН-гийн аргаа хэрэглэж эхэлсэн. Бид МАНАН бүлэглэлтэй тохирохгүй гэж ганцхан зарчим баримталж байгаа. МАНАН бүлэглэлтэй тохиролцож УИХ-ын даргыг томилохгүй. Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт УИХ-ын даргыг огцруулах хуулийг нэгдүгээрт оруулна гэж амласан. Гэтэл одоогийн байдлаар долдугаарт оруулчихсан байна. Энэ долоон асуудлыг хэлэлцэж байгаад пүрэв, баасан гаригийг дуусгаад дараа долоо хоног руу шидчихэж магадгүй. Л.Болд, Ж.Батзандан нар намаас гарсан учраас АН албан ёсоор бүлэггүй болсон. УИХ-ын дарга чуулган дээр бүлэг тарсныг зарласнаар бүлэг тардаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл М.Энхболд АН-ын бүлгийг тарсанд тооцоогүй. Улмаар тарсан бүлгээр завсарлага авахуулж чуулганыг улам хойшлуулж сунжируулж байгаа. Яагаад гэхээр АН-ын бүлгийн дарга МАНАН бүлэглэлийн толгойлогчдын нэг. Багануурын цахилгаан станцын эрхийг хятадуудад өгсөн хүн. Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авах ажлыг зохион байгуулсан хүн. Өөрөөр хэлбэл, АН-ыг МАНАН-гийн гал хамгаалагч болгож, тарсан бүлгийг тараагүй болгож жүжиг тоглож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлагдах хүртэл, М.Энхболдыг огцрох хүртэл, уул уурхайн ордуудаа авах, шударга бусын хонгил нурах хүртэл тэмцэл үргэлжилнэ” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (29)