УИХ-ын чуулган, зарим байнгын хороод хуралдаж чадалгүй бараг хоёр сар болов. Угтаа төрийн үйл хэрэг тасалдалгүй үргэлжлэх ёстой. Тиймдээ ч парламентыг байнгын үйл ажиллагаатай хэмээн тодорхойлсон. УИХ-ын гишүүдийн үүрэг нь ч төрийн үйл хэргийг тасалдуулахгүй явуулах, хуралдааны ирцийг бүрдүүлж хуралдаа суух. Бүр энгийнээр хэлбэл, ажлаа таслахгүй байх.
Энэ бол УИХ-ын гишүүн ч бай, жирийн иргэн ч бай, аль алиных нь хувьд ажилтны гол үүргийн нэг. Гэтэл хоёр сар “ширэн нүүрэлж” ажлаа тасалсан гишүүд гэв гэнэт ухаан суув. Ийн өгүүлэхийн учир нь энэ долоо хоногийн чуулганыг гишүүд таслах нь байтугай завсарлах завгүй өнгөрүүллээ. Тэд ийн ар гэр бүлээ ч үл хайхран ажилдаа шамдаж шөнийн дөрвөн цаг хүртэл хуралдахад нь сэтгэл хөдөлж “хөөрхий муу гишүүдэд илүү цагийн мөнгийг нь өгөөрэй” гэчихмээр санагдав. Бидний л төлөө тэд ажиллаж буй гэлцдэг шүү дээ эвийлмээр ч юм шиг.
Хоёр ч өдөр нойроо хумслан хуралдан байж гаргасан шийдвэрийг нь ард түмэн бүгдээрээ харсан. Хараад ой гутсан байх. Улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Шалтгаан нь тэр дөрвөн гишүүн ЖДҮ-ээс зээл авчээ. Авах авахдаа хууль зөрчсөн гэнэ. Мөнгө угаасан л гэнэ. УИХ-ын гишүүнийхээ суудлыг барьцаалсан л гэнэ. Бүр зээл авах материал нь урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүй болохоор нь салбар хариуцсан сайд найзаараа түрий барьж авсан гэнэ. Хуулиа тэд өөрсдөө баталж ард түмнийг дагаж мөрд хэмээн лүндэн буулгачихаад өөрсдөө хуулиа зөрчлөө гэж хууль хяналтынхан учирласан. Тэгээд л хууль зөрчсөн эсэхийг нь шалгая. Хууль зөрчөөгүй бол шударгаар олон нийтийн өмнө тунхаглана хэмээн хүссэн.
Үүнийг УИХ-ын гишүүд хоёр өдөр нойроо хумслан хэлэлцлээ. Хэлэлцсэний үндсэн дээр “хэчнээн хууль зөрчсөн ч гэлээ яаж ангийн андаа “шударга бусын хонгил” руу түлхэх билээ. Тэд буруугүй байна. Чи буруутайг нь албан ёсоор тогтоогоогүй байж ингэж болохгүй” гэх маягын юм ярьж байгаад ангийн дөрвөө аваад үлдчихэв. Ингэж л Тэмүүжин, Жамух хоёрын анд барилцсан сайхан түүхийг өнөөгийн амьдралд муухайгаар урвуулсан жишээний нэг болов.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд ангийн андуудаа авч үлдэхийн тулд дахин андгай барилцсан юм. Энэ бүх "хайрын романс"-д баталсан хуулиа өөрөө зөрчсөн хоёр ч нөхөр цаана нь бий гэж О.Баасанхүү гишүүн хэлээд ч тусыг эс олов. Ингээд хонь бүрэн, чоно цатгалан үлдлээ. Ийн баярт үйл явдал тохиож “Таван хуруу” баг ч тайвширлаа.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт хүсч, уучлалыг минь хүлээж аваач хэмээн гуйв. Тэрбээр өнгөрсөн баасан гаригийн 23.00 цагт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр “Гадаа суулт хийж байгаа иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргалгаа хийж байна гэж ойлголоо. Танд талархаж буйгаа илэрхийлье. Жагсаал болсон өдөр иргэдээ яаж тараах вэ гэдэг амаргүй нөхцөл үүссэн. Таны өрөөнд ёсзүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл миний зүгээс гаргасан бол уучлаарай. Уучлалтыг минь хүлээж авахыг хүсч байна. Тэр үед бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдлаас тэс өөр байсан учраас жагсаалын үеийн нөхцөл байдал, уур амьсгалаас тийм зүйл болсон гэдгийг танд хэлье. Мөн танд баярлалаа.
Ер нь хувь хүнд зориулж хууль батална гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа бусад зүйлтэй холбоотой гэдэг миний санал хэвээрээ. Одоо ч танд өргөдлөө гаргаж өгөх боломж байгаа. Хуулийн хугацаанд асуудал шийдэгдэх юм байна гэж ойлголоо. Тийм зарчмын тохиролцоонд хүрч байна гэж ойлголоо" гэв.
Уг нь түүнийг ингэж хүлцэнгүй аашлахаас өмнөхөн ангийн анд Т.Аюурсайхан гишүүн хуулиар биш ёс зүйгээр хариуцлага хүлээлгүүлнэ. Энэ нь бусдад үлгэрлэл болно. Хууль батлагдахыг хүлээвэл хугацаа их орно хэмээсэн удаатай. Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ийн буулт хийсний дараа "хонь чоно" болчихоод байсан гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат нар батлагдаж нотлогдоогүй зүйлээр нэгнийгээ гүтгэсэндээ бие биенээсээ уучлалт гуйлаа. Ингээд хайр, уучлалт, андгай тангарагтаа үнэнч байх сэтгэлээр сүлэлдсэн энэ долоо хоногийн улс төрийн “шөнийн шивнээ” өндөрлөсөн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (10)